ВИДЕО: Хоригийг дэмжсэнгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлтийг батлав
2021-04-29

19:00 цаг: 

ҮХЦ-ийн 2 тоот дүгнэлтийг УИХ хүлээн авч, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээгүй. Тиймээс  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг шуурхай горимоор УИХ-аар хэлэлцэж баталлаа. 

 

Хуулийн төслийг хэлэлцэхэд асуулт асуух гишүүн гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн байнгын хорооны горимын саналаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

 

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэсний дараа чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэн баталлаа. 

 

 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй 

 

18:00 цаг:

 

ҮХЦ-ийн 02 тоот дүгнэлтийг хүлээн авсан тухай УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлагааны хугацаа дууссан юм. Төрийн байгуулалтын болон Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлтээр   Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн дэмжив. 

 

Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг завсарлага авлаа

15:20 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн 02 дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг завсарлага тав хоногийн завсарлага хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хугацаа тулсан. Цаг хугацаатай асуудал учир хоёр цагийн завсарлага өгье" хэмээв. 

 

Тиймээс цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, гишүүдийн асуултад хариулж байгаа юм. 

 

Ш.Адьшаа: УИХ хууль дээдлэх зарчим алдагдууллаа

 

14:30 цаг: 

 

ҮХЦ-ийн 02 дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Төрийн байгуулалтын болон Хуульзүйн байнгын хороогоор уг хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд биш ҮХЦ-ийн дүгнэлтэд хориг тавьсан харагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ зохицуулалт хийх хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

 

-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. УИХ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан. 

 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

 

14:10 цаг: 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн хоёрдугаар дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлэв.

 

 

ЕТГ-ын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулж байна.

 

Ерөнхийлөгчийн хоригт "Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц манах ёстой Үндсэн хуулиа болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг бүдүүлгээр зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хатуу мөрдөгдөх ёстой “ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмыг үл тоомсорлосон байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас Монголын ард түмэн, Монгол хүний эрх, эрх чөлөөг дээдлэх бус зөвхөн Монгол ардын намын эрх ашгийг хангаж, илэрхий үйлчилсэн захиалгатай гэж үзэхүйц нэн бусармаг шийдвэр гаргасныг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын хэт олонхыг бүрдүүлсэн Улсын Их Хурлын гишүүд нэн шуурхай баталгаажуулсан байна.

 

Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна.

 

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс улбаатай, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг улс төрийн зорилгоор маргаан болгож, түүнийг шийдвэрлэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй бусармаг байдлаар ажиллаж, Үндсэн хуулийн цэц дотооддоо хүртэл зөрчилдлөө.

 

Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааныг цөөнх болсон нэг гишүүн нь хаян гарч шийдвэрийг нь албажуулалгүй зугтсан, энэхүү Бага суудлын хуралдаан үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлтэйгээр 20 орчим хоног гацсан, үүний дараа шууд Дунд суудлын хуралдаанаа зарласан, энэхүү Дунд суудлын хуралдаан нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг илэрхий зөрчсөн нөхцөлд, Бага суудлын хуралдааныг будлиантуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяраар даргалуулж цагдаагийн өндөр хамгаалалт дор нэн хаалттай хуралдсан зэрэг олон ноцтой асуудлыг дагуулсан.

 

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул ийм бусармаг байдалд гарсан шийдвэрийг Монголын төр, үүний дотор төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, эвлэрч болохгүй.

 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс өөр хоорондоо зөрчилтэй хоёр шийдвэр гарч, Бага суудлын хуралдааны шийдвэр Монгол ардын намд таалагдаагүй учир хууль бусаар дарагдаж, Дунд суудлын хуралдааны шийдвэр эрх баригчдын таалалд нийцсэн тул албажиж, хууль болох шатандаа явж байна.

 

Үүнийг хүлээн зөвшөөрөх нь Монголын ард түмнийг хэт басамжилсан хэрэг болно гэдгийг эрх баригчид, Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн тунгаан бодох хэрэгтэй.

 

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц асуудлыг дахин хянаж, Их суудлынхаа хуралдаанаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэслэн шийдвэрлэх хуультай.

 

Иймд хуулийн илэрхий зөрчилтэй, хуйвалдааны шинжтэй гарсан Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авахаас татгалзаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ /Их суудлынхаа хуралдаанаар/ эцэслэн шийдвэрлэж хууль зүйн алдаа, зөрчлөө засах боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байна.

 

Энэ нь Монгол төрийн түүхэнд үлдэх нэгэн гутамшгаас зайлсхийж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц төр оршихын эх үндэс болно гэдгийг онцолъё.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна" гэжээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин