Назарбаев суудлаа дахин Токаевт шилжүүлэв
Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев суудлаа дахин Токаевт шилжүүлэв. Дахин гэдгийн учир нь өмнө нь 30 орчим жил Казахстаныг удирдаж байгаад, 2019 онд чухамхүү Касым-Жомарт Токаевт суудлаа шилжүүлсэн юм.
Дөрөвдүгээр сарын 28-ны үдэш Нурсултан Назарбаезв Казахстаны Ардын ассамблейн даргын албан тушаалаа орхиж, бүрэн эрхээ өнөөгийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт шилжүүлж байгаагаа зарлав.
"Казахстаны Ардын ассамблейг тэргүүлэх эрхийг бүх насаар минь өгсөн, би та бүхэнтэй хамт, үүнээс татгалзахгүй. Казахстаны Ардын ассамблей албан үүргээ гүйцэтгэж буй ерөнхийлөгчийн хажууд зогсох ёстой. Би Ассамблейг тэргүүлэх эрхээ Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт шилжүүлж байна" хэмээн Назарбаев мэдэгджээ.
Үүний хариуд Токаев Назарбаевыг Казахстаны Ардын ассамблейн хүндэт гарга болохыг санал болгосон байна. "Манай ард түмэн, төрийн өмнө гүйцэтгэсэн түүхэн гавьяаны хариуд танд энэ статус очно" хэмээн Токаев мэдэгджээ. Ингэснээр Казахстаны Хүндэт Ерөнхийлөгч, Елбасы гэх цолтой Назарбаев Ассамблейн хүндэт дарга болжээ.
"Хаан" халаагаа өгсөн нь
Түүний эрх мэдлийг гартаа авсан үе нь 1990 оноос эхлэлтэй. Нурсултан Назарбаев 2000 он хүртэл эрх мэдлээ сунгах олон нийтийн санал асуулгыг 1995 онд явуулсан бол 1998 онд анхны ерөнхийлөгч төрийн тэргүүнээр сонгогдох тоог хязгаарласан заалтыг хасах тухай нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулж байв. Тэрбээр 29 жил төрийн эрх барьж, 2019 онд эрх мэдлээ шилжүүлсэн юм.
2019 оны гуравдугаар сарын 19-нд тэрбээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, ерөнхийлөгчийн эрх мэдлээ дуусгавар болгохоор шийдсэнээ зарласан. Гэнэтийн энэ шийдвэрийг гаргах болсон шалтгааныг шинжээчид төрөл бүрээр тайлбарлаж байсны дунд Казахстан дахь засаглалыг шилжүүлэх явц нь Хятадад Дэн Сяопиний ашигласан загвартай ижил байгааг олон шинжээч онцолж байв. Дэн Сяопин эрх мэдлээ шилжүүлсэн ч улсынхаа бодлогод нөлөөлөх гол хөшүүргээ хэвээр хадгалан залгамжлагчдыг эцсийн байдлаар тодорхойлж байсан юм.
Хэдийгээр тэрбээр үүрэгт ажлаа шилжүүлсэн ч “Елбасы” буюу үндэсний тэргүүнээр үлдэх бөгөөд улс орны гадаад болон дотоод бодлогын үндсэн чиглэлүүдтэй холбоотой бүхий л санал санаачилгуудыг “елбасы”-тай зөвшилцөх ёстой. Түүнчлэн үүний дараа, 2019 оны тавдугаар сарын 30-нд тэрбээр "Хүндэт сенатч" гэсэн статустай болсон юм.
“Казахстан улсыг ардчилсан, эрхзүйтулс болох үндсэн хууль, эрхзүйн үндсийг төлөвшүүлэх, эх орны парламентаризмыг цогцлоох хөгжүүлэхэд гүйцэтгэсэн түүхэн гавьяа, үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж” хүндэт сенатч цол олгосон байна.
Назарбаевт ийм цол олгох саналыг тухайн үед мөн л Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гаргасан юм. Ингээд тусгайлан энэ саналд, тодруулбал Назарбаевт зориулж хүндэт сенатчийн статусын тухай заалтыг парламент нь батлаж байлаа. Ингэснээр Назарбаев Парламентын дээд танхимын хуралдаан дээр хүссэн үедээ байлцах боломжтой болж байгаа юм.
Ерөнхийлөгчөөс буусных нь дараа түүнд өгсөн цол үүгээр дуусаагүй. Мөн л 2019 оны тавдугаар сард Назарбаев Евразийн эдийн засгийн зөвлөлийн хүндэт тэргүүн цолтой болсон. Ийм цол олгох саналыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гаргажээ. Ингэснээрээ Евразийн эдийн засгийн зөвлөл бүрэлдэхэд гүйцэтгэсэн Назарбаевын түүхэн хувь нэмрийг хуралдааны оролцогчид онцлохыг хүссэн гэнэ.
Назарбаев гуч орчим жилийн дараа төрийн тэргүүний суудлаас сайн дураар буусны дараа Казахстаны нийслэл Астана хотыг түүний нэрээр Нур-Султан гэж нэрлэсэн. Мөн түүнд Елбасы буюу үндэстний тэргүүн гэсэн хэргэм олгосны дээр насан туршдаа Казахстаны аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, “Нур Отан” эрх баригч намын даргын албан тушаалыг хаших юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ