Хүн бүр гэм үйлддэг, америк, япон, солонгос, монголоос үл хамаараад санаатай, санамсаргүйгээр. Гэвч монголчууд уучлалт гуйж чаддаггүй. Буруу үйлдэл хийсэн ч үл тоогоод өнгөрөөнө. Харин уучлал гуйхдаа тулахдаа заавал бусдыг буруутгаж, өөр нэг гэмтнийг эрэлхийлж байдаг. Хэдхэн хоногийн өмнө рок попийн одод гэх Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нар уучлал гуйхдаа мөн л гэмтэй хань хамсаатан хайсан. Өөрийнх нь ярьсан онигоог гэмт хэрэг болгосон олон нийт, танил найз нөхөд нь буруутан болсон. Харин өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан мөн л ийм үйлдэл гаргалаа.
Шадар сайд С.Амарсайханы хүү боловсролын зээлийн сангийн 27 мянган ам.доллараар Англи улсад суралцахаар болж. Энэ мэдээж эрх мэдлээ ашигласан, давуу байдал бий болгосон, цаашлаад жирийн иргэдийн хүүхдийн боломжоос “хулгайлсан” үйлдэл болсон учраас олон нийт дургүйцсэн, Шадар сайдыг шүүмжилсэн. Үүний хариуд Шадар сайд С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйлаа. Уучлал ч гэж, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүүдээ захидал бичжээ.
Энд иргэдээс хүлцэл өчсөн ганцхан өгүүлбэр бий. Өөрөөр хэлбэл төрийн өндөр албан тушаалтан энгийн иргэдийн боломжоос хумсалсныхаа хариуд “Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье” гээд болоо. Бусад нь хүүдээ хандсан аавын үг.
Хүү нь бусдын адил хичээж зүтгэж суралцах гэтэл шүүмжлэгчид амар заяа үзүүлэхгүй байгаа учраас авсан мөнгөө төрд буцааж өгч байгаадаа хүүгээ уучлал гуйжээ.
“Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй” хэмээн хайр, харуусал дүүрэн захидлыг олон нийтийн сүлжээгээр хүүдээ дайв.
Үнэндээ бол төлбөрийг нь өөрөө төлөөгүйдээ хүүгээсээ уучлал гуйх ёстой. Төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буйгаа ухамсарлаж буй хүн ийм үйлдэл хийхгүй л байх байсан. Үүнийг иргэд эрүүл үйлдэл гэж хэзээ ч харахгүй.
Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харахад л хүүгийнхээ төлбөр байтугайг төлөх хэмжээний хөрөнгөтэй эрхэм. Гэтэл төрийн сангаас зээл авч, тэрийгээ буцааж өгөхдөө шүүмжилсэн олон нийтийг буруутгасан нь төрийн хүний ёсзүй лав биш.
Хууль ёсыг дээдэлдэг, төрийн албан тушаалтнууд нь үүрэг хариуцлага хүлээж чаддаг улсад бол ард түмнээсээ бөхийж уучлал гуйгаад, ажлаа өгсөн байгаа. Харин манайд улам гэдийж, суудалдаа илүү гүнзгий шигддэг гутамшигтай жишигтэй.
В.Бат