Ханхүү Филипп: I Николай хааны удам Британийн Хатан хааны тулгуур болсон нь
2021-04-10

Дөрөвдүгээр сарын есөнд Их Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр, Эдинбургийн гүн, ханхүү Филипп 99 насандаа таалал төгсөв. Дал гаруй жил хатан хаанд хувиршгүй, бат бөх дэмжлэг үзүүлж байсан гэдгээрээ Филипп асар их хүндлэл хүлээдэг.  Тэр хэн байв?

 

Хаадын угсаа

Ханхүү Филипп 1921 оны зургадугаар сарын 10-ны өдөр Грекийн Корфу арал дээр төржээ. Гэхдээ тухайн үед Грек григорийн хуанлид шилжээгүй байсан тул төрсний гэрчилгээн дээр нь 1921 оны тавдугаар сарын 28-нд төрсөн гэж бичсэн байдаг аж.

 

Түүний эцэг нь Грекийн хаан I Георгийн хүү, Грек, Данийн ханхүү байлаа. Филиппийн эмээ нь I Георгийн гэргий, I Николай хааны ач охин, гүнж Ольга Константиновна Романова байв. Филиппийн ээж гүнж Алиса Баттенбергская нь Баттенбергийн ханхүү Людвигийн охин юм. Алиса гүнж Виктория хатан хааны гуч охин аж.

 

1922 онд төрийн эргэлт гарсны дараа хувьсгалт шүүх ханхүү Андрейг гэр бүлийнх нь хамт Грекээс хөөжээ. Хаяал ах V Георг хааны илгээсэн Британийн цэргийн хөлөг онгоц Грекийн хааны гэр бүлийг Францад хүргэжээ. Энэ үед бяцхан Филипп жүржний хайрцгаар хийсэн орон дээр аяллын урт хугацааг туулсан байна. Тэрбээр гэрийнхээ хамгийн бага бөгөөд ганц хүү нь байсан, эгч нарынхаа хайр, халамжин дунд өсчээ. Филипп Францад сургуульд орсон ч долоон настайд нь түүнийг Англи руу хүргэж, Суррей дэх Маунтбеттений хамаатныд нь байлгажээ.

Энэ үед түүний ээж шизофрени өвчинтэй болсон тул түүнийг сэтгэцийн өвчтөнүүдийн асрах газар руу шилжүүлж, Филипп ээжийгээ бараг л хараагүй өсчээ. 1933 онд 12 настай Филиппийг Германы өмнөд хэсэг рүү тухайн үезийн алдартай багш Курт Ханы ажилладаг байсан сургууль руу шилжүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа Хан еврей хүн байсан тул нацистуудаас зугтахаас аргагүй болжээ. Хан Шотландад очиж, Гордонстоунд сургууль байгуулж, энэ сургууль руу мөн л Филиппийг шилжүүлжээ. Гордонтстоунд спартагийн горим үйлчилж, сэтгэлийн хат, тэсвэр хатуужилд ихээхэн анхаарал хандуулдаг байсан гэнэ. 

 

Цэргийн карьер

Ингээд дэлхийн II дайн ойртож, Филипп цэргийн карьер эхлүүлэхээр шийдэв. Анхандаа тэрбээр Хатан хааны агаарын цэргийн хүчинд алба хаахыг хүссэн ч ээжийнхээ удмын уламжлалыг дагаж далайчин болохоор шийдэн Дартмут дахь Хатан хааны тэнгисийн цэргийн коллежийн сонсогч болжээ. 

 

Өнөөгийн хатан хаан II Елизаветагийн эцэг VI Георг хаан Тэнгисийн цэргийн коллежд гэр бүлээрээ айлчлах үеэр Филиппийг хоёр залуухан гүнж болох Елизавета болон Маргаретийг дагалдахыг үүрэг болгожээ. Филипп гүнж нарт сайхан сэтгэгдэл төрүүлэхийг ихэд хичээж байсан гэдэг. Энэ нь ч талаар болсонгүй, 13 настай Елизаветагийн сэтгэлд Филипп гүн гүнзгий ул мөр үлдээжээ. 

 

Филипп коллежийнхоо хамгийн шилдэг сонсогчдын нэг болж, онц төгсөн 1940 оны нэгдүгээр сард Энэтхэгийн далайд болсон байлдааны ажиллагаанд оролцжээ. Газрын дундад тэнгисийн флотын "Вэлиент" линкор дээр алба хааж байх үед 1941 оны Матапаны тулалдаанд ихээхэн амжилт гаргасан гэж үздэг. Тэрбээр хөлөг онгоцны гэрэлтүүлгийг хариуцдаг байсан бөгөөд шөнийн тулаанд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэжээ. 1942 онд тэрбээр "Уоллес" хөлөг онгоц дээр алба хааж, Хатан хааны флот дахь хөлөг онгоцны командлагчийн хамгийн залуухан туслагчдын нэг болсон байв.

 

Гэрлэлт

Энэ бүх хугацаанд тэрбээр залуухан гүнж Елизаветатай захидлаар харилцдаг байсны дээр түүнийг хааны гэр бүлтэй чөлөөгөө өнгөрүүлэхийг урьдаг байжээ. Нэгэн удаа, 1943 оны зул сарын баяраар ордонд зочлох үеэр Елизавета ширээн дээрээ Филиппийн тэнгисийн цэргийн дүрэмт хувцастай гэрэл зургийг тавьжээ. 

 

Дайны дараа тэдний харилцаа улам гүнзгийрсэн ч хааны гэр бүлийн ойр дотныхон энэ харилцаанд таагүй ханддаг байв. Филиппийг "бүдүүлэг, хүмүүжилгүй" гэж үздэг байжээ. Гэсэн ч залуухан гүнж түүнд дурлаж, 1946 оны зун Филипп хаанаас охиныг нь гуйв.

 

Гэвч түүнд болзол тулгасан юм. Сүй тавьсан талаар зарлахаас өмнө Филипп иргэншил болон овгоо солих ёстой. Ингээд Филипп Грекийн хэргэмээс татгалзаж, Британийн харьяат болон, ээжийнхээ овог болох Маунтбеттен гэх овгийг авчээ.

 

Хуримын ёслол болохын урд өдөр VI Георг хаан Филиппэд Эрхэм дээдэс хэргэм бэлэглэж, харин хуримынхаа өглөө нь тэрбээр Эдинбургийн гүн, Мерионетийн гүн, Гринвичийн барон болсон юм. Хурим 1947 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Вестминстерд болсон бөгөөд энэ хурим Британийн дайны дараах уйтай амьдралд "гэрэл гэгээ" болсон гэж Уинстон Черчилл өгүүлж байжээ. 

 

1951 оны долдугаар сард Филипп халагдаж, тэнгисийн цэргийн албанд дахиж ороогүй гэнэ. Тэрбээр флотод цаашид алба хааж чадаагүйдээ харамсаж байсан гэж хожмоо дурсжээ. Түүнтэй хамт алба хааж байсан нөхөд нь Филипп бүхий л талаараа Хатан хааны флотын ерөнхий командлагч болж чадах байсан гэж ярьдаг байсан аж. Гэвч хувь тавилан түүнд огт өөр зам бэлдэж.

 

Түүнийг эцэг хүний хувьд бүдүүлэг, мэдрэмжгүй байсан гэх нь бий. Чарльзын намтарыг бичсэн зохиогчийн өгүүлснээр эцэг нь олны нүдэн дээр зэмлэж буруушаасны улмаас Чарльз байнга уйлдаг байсан гэнэ. Чарльз эцэгтэйгээ харилцах харилцаа нь тийм ч амар байгаагүй аж.

 

Хэдийгээр Филипп өөрийнхөө хүүхдүүдтэй хэл амаа ололцож чаддаггүй байсан ч залууст халамж анхаарал тавьдаг үйл ажиллагаа эрхэлдэг байсан гэнэ. 1956 онд тэрбээр Эдинбургийн гүнгийн сан байгуулсан бөгөөд энэ нь амьдралын туршлага олж авах, байгаль хамгаалах зорилгоор шагнал, урамшуулал, тэтгэлэг олгох зорилготой сан аж. 

 

Энэ төсөл тун амжилттай болж, 15-25 насны долоон сая орчим залуус, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй залууст төрөл бүрийн тэмцээн, арга хэмжээнд оролцон, өөрийгөө сорих боломж олгосон байна. Герцог энэ төсөлд ихээхэн цаг зарцуулж, олон арга хэмжээнд оролцон, зохион байгуулалт, бэлтгэл ажилд нь гар бие оролцдог байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин