Монголын Зэвсэгт хүчинд бага дарга нь цэргээ дэглэдэг, дарамталдаг, зоддог, амь насыг нь хөнөөдөг нөхцөл байдал тогтолцоондоо биш хүндээ байгааг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өөрийн биеэр харууллаа. Тэрбээр өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа сэтгэлгүй, хариуцлагагүй удирдлага гэдгээ хангалттай харуулав. Бүр ажлаа хийж чадахгүйгээ ч хэллээ. Товчхондоо Монголын зэвсэгт хүчин хошууч генерал Д.Ганзоригоос эхлээд цэргийн ангийн бага дарга хүртлээ ялзарчээ. Энэ салбарыг үндсээр нь өөрчлөхгүй бол аавыг хүүг алдаг хэвээр байх юм байна.
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч амиа алдсан нь биднийг ажлаа хийхэд түлхэц болсон гэж ярилаа. Хүн амиа алдахыг хүлээгээд ажиллахгүй сууж байсан хэрэг үү?! Монгол Улсын зэвсэгт хүчнийг мэргэжлийн удирдлагаар хангах ёстой хүний амнаас гарах үг мөн үү?! Хариуцлага хаана байна?
Мөн тэрбээр зэвсэгт хүчинд өнөөдөр үүсээд байгаа асуудал цэрэгт ирж байгаа залуучуудын буруу гэв.
Цэрэгт янз бүрийн давхаргын, ядуу зүдүү айлын хүүхэд ирдэг учраас бид нэг жилийн хугацаанд төлөвшүүлж чаддаггүй. Бараг даргын үгэнд ордоггүй зэрлэг, сэтгэцийн өвчтэй залуус ирдэг учраас зодож, дэглэхээс өөр аргагүй байдаг тухай Д.Ганзориг хошууч генерал ярилаа. Үүгээрээ тэр өөрийгөө хүн удирдах, салбар толгойлох нэгэн биш гэдгээ харууллаа.
Д.Ганзориг “Хүний амь настай холбоотой гэхээсээ илүү ёсзүйгүй харилцааны асуудал цэргийн албанд гардаг. Зэвсэгт хүчинд гарч байгаа ёсзүйгүй асуудал, хүний амь настай холбоотой хэргийг бид дангаараа шийдэж чадахгүй. Зэвсэгт хүчний удирдлага, анги байгууллагын захирагч хичнээн сайн ажилласан ч энэ асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй” гээд ажлаа хийж чадахгүйгээ хэнэггүй хэлээд сууж байна. Энэ хүнд мөнгө санхүү, барилга байшин, орон тоо дутагддаг гэнэ. Түүний ажлаа хийхгүй байгаагийн шалтгаан нь ердөө л хангамж аж. Толгойлж даргалж байгаа эрхэм хурандаа нь ийм байхад цэргийн ангид хүн дэглэж байгаа бага дарга ямар байх нь тодорхой юм байна. Энэ салбарт хариуцлага, сахилга бат, хандлага, сэтгэл хошууч генералаасаа эхлээд дэслэгч хүртлээ байдаггүйг УИХ-ын гишүүд, олон нийт хангалттай харлаа.
Ийм харилцаа хандлагынхаа араас ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг УИХ-ын гишүүдээс хатуухан үг сонслоо. Үнэндээ тэр хүртэх ёстойгоо л хүртсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ганзориг гэдэг нөхрийн ярьж байгаа хандлагаар бол арми өөдлөхгүй. Хүний хандлагын асуудал. Ганзоригоо чи хандлагаа өөрчлөхгүй бол зэвсэгт хүчин өөрчлөгдөхгүй юм байна. Мөнгө төгрөг, байшин сав, орон тоо гэж юугаа яриад байгаа юм бэ. Бага дарга хүн зодоход байшин сав ямар хэрэгтэй юм бэ” хэмээн хатуухан сануулга өглөө. Мөн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Гишүүдийн асуултад хариулж байгаагаас харахад хариуцлагыг ЗХЖШ-ын удирдлагатай тооцох асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, зарчим, байр сууриас тодорхой харагддаг” хэмээн хошууч генерал Д.Ганзоригийн бодит байдлыг товч бөгөөд тодорхой дүгнээд өглөө.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт хууль-эрхзүй, хангамж, орон тоо нь болохгүй, дэмжлэг байхгүй учраас хүн амины хэрэг гараад байгаа юм биш. Энэ бол шат шатны хариуцлага суларсныг, ажлаа яаж хариуцаж байгаагийн илрэл. Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд салаан захирагч хүртэл маш олон албан тушаалтан бий. Хүнтэй ажиллах сэтгэл, ойр ажиллах мэдлэг чадвар дутаж байгаагийн илрэл. Түүнээс нийгмийн янз бүрийн давхаргын хүүхдийг дийлэхгүй байгаа асуудал биш” хэмээн салбарт нь үүсээд байгаа асуудал хошууч генерал Д.Ганзориг мэтийн хүмүүсийн хандлагаас шалтгаалж байгааг хэлээд өглөө.
Бурууг бусдаас бүр эд хөрөнгөнөөс хайдаг даргатай байсан цагт Монголын Зэвсэгт хүчин Н.Алтанхуяг гишүүний хэлдгээр өөдлөхгүй нь тодорхой боллоо. Тиймээс зэвсэгт хүчний цэвэрлэгээг хошууч генерал Д.Ганзоригоос эхлэх хэрэгтэй юм байна. Хариуцлагагүй, сэтгэлгүй, хандлагагүй хүн Монголын хамгийн чухал салбарыг удирдаж байгаа нь хамгаас том харамсал. Энэ салбарт архидалт хэрээс хэтэрч, хүний амь нас эрсдээд буй шалтгааныг алсаас хайх хэрэггүй, хамаг учир ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн харилцаа, хандлагад байна.
В.Бат