Баян-Өлгий аймагт халдварын анхны тохиолдол батлагдаж, тэг зогсолт хийлээ

Баян-Өлгий аймагт халдварын анхны тохиолдол батлагдаж, тэг зогсолт хийлээ

Баян-Өлгий аймагт Коронавирус халдварын анхны тохиолдол өчигдөр батлагдлаа. Халдвар авсан иргэн Баян-Өлгий аймгийн харьяат бөгөөд Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад Өлгий хотод очжээ. Тухайн иргэнийг аймагт ирэх үед нь түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд эерэг гарсан учраас нэн дариу тусгаарласан байна. Улмаар PCR-ын шинжилгээ хийхэд халдвар авсан нь батлагдлаа.

 

Тухайн иргэн Улаанбаатар хотоос 2 тээврийн хэрэгслээр 9 хүнтэй хамт ирсэн. Хамт ирсэн нэгдүгээр хавьтлын хүмүүсийг аймгийн Авто тээврийн төвд тусгаарлаж шинжилгээ хийж байна. Батлагдсан тохиолдлын биеийн байдал нь хүндэвтэр, чихрийн шижин, бөөрний дутагдалтай архаг суурь өвчтэй хүн гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж өнөөдөр буюу 04-р сарын 6-ны өдрийн өглөөний 06:00 цагаас эхлэн 48 цаг аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхээр болов. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ