Г.Занданшатар: НДС-ийн мөнгийг хулгайгаар хүү цохиж байршуулдгийг болих хэрэгтэй
11:10 цаг:
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн:
-Үе үеийн нийгмийн даатгалын гишүүд нийгмийн даатгалын мөнгийг банкинд байршуулахдаа мөнгө цохисон асуудал. Уг нь Төрийн санд байршуулахаар байгуулсан. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүс банкинд байршуулж, хүүгийн мөнгө цохисон. Тийм учраас энэ зүйл дээр та бүхэн анхааралтай хандаж ажиллаарай. Мөнгө өсгөх нэрээр банктай хуйвалдаж, мөнгө цохих асуудалд анхааралтай хандаарай гэдгийг анхааруулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн гишүүдийн үгийг анхаараарай. НДС-ийн мөнгийг хулгайгаар хүү цохиж байршуулдгийг болих хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Ингээд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан нарыг томилох саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонх С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан, Д.Амаржаргал нарыг дэмжсэнгүй. НДҮЗ-ийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Э.Энхжаргалыг гишүүдийн олонхи дэмжлээ. Ийнхүү Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Э.Энхжаргалаас бусдыг олонхи дэмжсэнгүй. Гишүүн М.Оюунчимэгийн горимын саналаар Л.Төрбатыг НДҮЗ-ийн гишүүнээр томилох саналыг дахин явуулахад олонхи дэмжлээ.
Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Б.Жавхлан: Орон нутагт хүндрэл тулаагүй байгаа
10:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Эрсдлийн үеийн менежмент дээр асуудал байна. Иргэдэд мэдээлэл дутуу байна. С.Нарангэрэл дарга бол мэргэшсэн хүн байгаа. Өнөөдөр хамгийн гол хамгаалалт бол маск. Маскны тухай ярихаа болилоо. Вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүсээс халдвар авч байна гэнэ. Иргэдэдээ мэдээлэл сайн өг. Вакцины тухайд асуудал мөнгөдөө биш байгаа. Харьцангуй манайх бүх шугамаар хэлэлцээ хийж, вакцинаа татан авч байгаа. Вакцины худалдаанд Засгийн газар мөнгөний асуудал гаргаагүй.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Засгийн газар сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Одоо дахин хөнгөлөлттэй зээлээр вакцинжуулалт татан авч байгаад таашаалтай хандаж байна. Энэ зээлийг авч ашигласнаар нийт хүн амын хэдэн хувь хамрагдан вэ? Стратегийн чухал бүс нутгуудыг нэн тэргүүнд вакцинжуулах асуудал чухал байна. Өмнөговь, Дорноговь, Орхон аймгуудын иргэдийг яаралтай вакцинжуулах шаардлагатай байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Худалдан авах гэрээгээ хийж чадвал санхүүжүүлэх зохицуулалтаа хийсэн байгаа. Үүнд вакцинжуулалтаас гадна цэгүүдээ бэлтгэх, бусад дагалдах хэрэгсэл гээд олон аж ахуйн асуудалд хамаарна. Зөвхөн төлбөр тооцоотой асуудал хамаарахгүй гэдгийг хэлье. Өнөөдөр Хятадын 300 мянган тун вакцин бууна. Эхний ээлжинд Улаанбаатар хот өөрөө том голомт болоод байгаа учир вакцинжуулалт хийж байна. Хоёр дахь ээлжинд орон нутагт хүрнэ. Орон нутагт хүндрэл хараахан тулаагүй байгаа. Вакцинжуулалтаа амжилттай хийгээд, ард иргэд, аж ахуйн нэгж хорио цээрээ бариад явбал бид эдийн засгаа сайжруулж, эрүүл мэндээ аврах боломж бүрэн дүүрэн байгаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолын төслийг баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
Уншиж байна |