УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж, хууль боловсруулагчид ажилдаа орлоо. Цар тахлын халдварын энэ үед чуулганы завсарлагааны хугацааг гишүүд хэрхэн өнгөрүүлсэн талаар мэдээлэл хомс. Учир нь өмнөх парламентын үед гишүүд ихэвчлэн тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсдог байлаа. Харин энэ удаад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой гишүүд ч хөл хорионд байсан биз. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх ажлын хэсэгт багтсан гишүүд идэвхтэй хуралдсан гэхэд ч эргэлзээтэй. Цахим уулзалт, хурал хэр үр дүнтэй явагдсаныг таашгүй. Дээрээс нь дийлэнх нь анх удаа сонгогдсон гишүүдээс бүрдсэн энэ парламент шинэ “лого” нь одоо ч хуулраагүй байгаа. Учир нь зарим шинэ гишүүдийг олон нийт байтугай тойргийн сонгогчид нь ч тэр бүр танихгүйн зэрэгцээ, шинээр сонгогдсон гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаанд хэлсэн үг, үйлдэлдээ ороогдсоор ирсэн.
Ер нь үе үеийн парламентад шинээр сонгогдсон гишүүд туршлагатай улстөрчдөөс суралцаад явчихдаг. Гэвч энэ удаагийн шинэчүүдэд суралцах гэхээсээ тодрох хандлага давамгайлж байгааг ажиглагчид шүүмжилсээр өнөөдрийг хүрлээ. Нэг нам үнэмлэхүй олонхийн суудал авсан хэдий ч энэ парламентын өнгө өнөөдрийн байдлаар эрээвэр хураавар үргэлжилж байна.
Хууль тогтоох дээд байгууллагын тухайд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас гадна гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүд гээд урт жагсаалт хөвөрч байгаа. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн цикльтэй хаврын чуулган давхцан үргэлжилнэ. Тиймээс ч “Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Ийм учраас хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна.” гэсэн нь УИХ-ын дарга Г.Занданшатар үг гэхээсээ эрх баригч хүчний Ерөнхийлөгчийн сонгууль угтсан бодлого гэдгээр нь олон нийт хүлээн авч байгаа. Учир нь саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний эрх зөрчигдөж байгааг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон яллагдаад байгаа Т.Чимгээгээр жишээлж, очиж уулзаж, мөрдөн байцаалтын үед хүний эрхийг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт явагдсан бичлэгийг Засгийг газар олон нийтэд харуулсан. Цаашлаад “Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан ийм бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Хүний эрхийн төлөөх тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй. Ялангуяа сүүлийн үед иргэний хууль ёсны ашиг сонирхолд дур зоргоор халддаг, хэлмэгдүүлдэг, нотлогдоогүй баримт сэлтийг шүүхээс гадуур түгээж урьдчилан гэм буруутай мэтээр нийгмээр “яллуулдаг”, үгсэн хуйвалдаж залхаан цээрлүүлдэг, хүний өмч хөрөнгө, бизнесийг дээрэмддэг тухай гомдол УИХ-д их ирж байна. Хуулийн байгууллагуудын гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр хийгдсэн, хүний эрхэнд халдсан бичлэгүүд ч ил болж байна. Эхлээд бусдыг санаатайгаар, олон нийтээр буруутгах зорилготой үйлдэл хийж, мөрдөн байцаалтын нууц байх учиртай бичлэг, мэдээ, баримт сэлтийг хууль бусаар түгээж байгааг хэрхэвч зөвтгөж болохгүй. Шударга ёс хуулиар л тогтох учиртай” гэдгийг спикер хаврын чуулганы нээлт дээр онцолж, гишүүд хүний эрхийг асуудлаар сонсгол явуулахаар ХҮЭК-т санал хүргүүлж байна. Тиймээс эрх баригч хүчин Ерөнхийлөгчийн сонгуулийг “ардчилал, хүний эрх” уриатайгаар оролцох нь тодорхой боллоо.
Харин сөрөг хүчин АН-ын тухайд энэ өдрүүдэд намын даргын сунгаагаа явуулж, нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлээд байна. АН-ын даргаар сонгогдсон эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд намаа авч орох, ирэх дөрвөн жилд хүчтэй сөрөг хүчин байж, дараагийн сонгуульд намаа ялуулах үүрэг хүлээнэ. Сөрөг хүчний тухайд намын даргаар хэн сонгогдохоос хамаарч Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхой болно.
Парламентад суудалтай МАХН, “Зөв электорат” эвслийн тухайд тус тусдаа нэр дэвшигчээ тодруулна. МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрх нь хаалттай. Гэсэн хэдий ч тус намыг парламентад төлөөлж байгаа С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших нь өнөөдрийн тухайд эргэлзээтэй байгаа. Харин “Зөв электорат” эвсэл “Ерөнхийлөгч нэр дэвшигчээ захиалъя” гэсэн санал асуулга явуулж байгаа хэдий ч УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын улс төрийн шийдвэр илүүтэй нөлөөлнө. Учир нь намын дарга Т.Доржхандад Ерөнхийлөгчид нэр дэвших насны босго хүрээгүй.
Ийнхүү ээлжит чуулган, Ерөнхийлөгчийн сонгуультай хаврын улс төр “ардчилал, хүний эрхийг хамгаалах уриатайгаар эхэллээ. Цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна.
Н.Энхлэн
Уншиж байна |