"Ив Роше"-ийн хэрэгтэй холбоотой Алексей Навальныйн тэнсэн харгалзах ялыг хорих ялаар солих тухай Шийтгэл гүйцэтгэх холбооны албаны нэхэмжлэлтэй шүүх хурал хоёрдугаар сарын хоёрны өдөр Москва хотноо болжээ.
News.ru агентлагийн мэдээлснээр, шүүх нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргаж, Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ялыг ердийн дэглэмтэй хорих ангид эдлэх шийдвэр гаргасан байна. Ял эдлэх хугацаанд гэрийн хорионд байсан нэг жилийн хугацааг оруулж тооцох тул Навальный 2.8 жил хоригдох аж.
Түүнчлэн шүүхээс Навальный Шийтгэл гүйцэтгэх холбооны албанаас нуугдаагүй гэх байр суурийг хангалтгүй хэмээн үзсэн бөгөөд хорих ялаас гадна 500 мянган рублийн торгууль ноогдуулжээ.
"Алексей Навальный шүүгчийн шийдвэрийг сонсоод эхнэр рүүгээ харан инээмсэглэв. Харин Юлия Навальная шүүгчийн шийдвэрийг сонсоод уйлсан бол Навальный тогтоолыг тайван сонсоод эхнэртээ "Баяртай, битгий гунигла, бүх зүйл сайхан болно!" гэж хэлсэн" хэмээн NEWS.ru дамжуулсан байна.
Эсэргүүцэл дэгдэв
Сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг хорих шийдвэр гарсны дараа Оросынх хотуудад дахин эсэргүүцлийн арга хэмжээнүүд эхэлсэн байна. Москвагийн цагаар 21 цагийн орчимд Москва хотын төвд баривчилгаа эхэлсэн, цагдаагийнхан хэрцгий хандаж, сэтгүүлчдийг ч зодож байсан гэж "МБХ медиа" мэдээлжээ.
Москвагийн цагаар 01.09 цагийн байдлаар Орос даяар 1055 хүн баривчлагдсанас 865 нь Москвад, 175 нь Петербургт баривчлагдсан байна.
Навальныйг шүүх хурал эхлэхийн өмнө Москва болон Петербург хотуудын төв талбай, гудамжуудад цагдаагийн тусгай хүчнийхнийг татан байршуулсан байна. Оросын нийслэлд Улаан талбайг хааж, хүчнийхэн төвийн бүсд бүхэлд нь эргүүл хийж байжээ. Мөн цагдаагийн газрын шаардсанаар метроны дөрвөн өртөөг хааж, энэ өртөөн дээр гал тэрэг зогсолгүй явж байсан гэнэ.
Навальный баривчлагдсан шалтгаан
Навальный нэгдүгээр сарын 17-ны өдөр Орос руу буцна гэж мэдэгдэж байхад Оросын Шийтгэл гүйцэтгэх холбооны алба түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа, Орост ирмэгц нь баривчилна хэмээн мэдэгдэж байсан. Улмаар нэгдүгээр сарын 17-нд Москвад газардмагц нь түүнийг баривчилсан юм. Навальный хөрөнгө мөнгө шамшигдуулсан хоёр төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авсан бөгөөд түүнийг Германы эмнэлэгт байх хугацааг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж Шийтгэл гүйцэтгэх алба үзэж байгаа аж.
Түүнчлэн мөрдөн шалгах хороо Навальныйн эсрэг луйврын эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар, сөрөг хүчний улс төрчтэй холбоотой Авлигатай тэмцэх сан зэрэг сангууд нь иргэдээс 588 сая гаруй рублийг хандив болгон хүлээн авчээ. Энэ мөнгө сангийн зардалд зарцуулагдах байсан ч Навальный бусад этгээдүүдийн хамт "хувьдаа өмч, материаллаг үнэт зүйлс, гадаадад амрах зэрэг зардалд" 356 сая рублийг зарцуулсан гэнэ.
Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр бие нь огцом муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлсэн юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн. Тодруулбал Германы зэвсэгт хүчний лаборатори Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэдгийг тогтоосон гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |