Нэгдүгээр сарын 23-ны өдөр Оросын олон хотод сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаалын үеэр Орос орон даяар 3134 хүн баривчлагдсан гэж "ОВД-Инфо" мэдээлжээ. Хамгийн их буюу 1201 хүн Москвад, үүний араас Санкт-Петербург хотноо 471 хүн баривчлагдсан байна.
Энэ нь Орос орны шинэ үеийн түүхэнд эсэргүүцлийн ажиллагаа явуулсан хугацаан дахь хамгийн өндөр тоо гэнэ. Өмнө нь 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр маш олон хүнийг баривчилж байсан бөгөөд тухайн үед нийтдээ 1769 хүн баривчлагдаж байжээ.
Эсэргүүцлийн ажиллагаа Оросын 112 хотод болсон нь мөн л дээд амжилтад тооцогдож байна. Навальныйг дэмжин Алс Дорнодоос эхэлсэн энэ жагсаал Оросын хамгийн хүйтэн цэгт ч үргэлжлэн, Якутск хотод -50 хэмийн хүйтэнд иргэд жагссан байна.
"Оросын шинэ үеийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй зөвшөөрөлгүй цуглаан байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж чадна. Үүний зэрэгцээ зөвхөн Москва, Петербургт биш улс орон даяараа жагслаа" хэмээн "Редакция" сувгийг хөтлөгч Алексей Пивоваров бичжээ. Навальныйг дэмжиж байгаагаа олон улсад ч илэрхийлсэн байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, Москва хотод эсэргүүцлийн жагсаалд олон арван мянган хүн оролцсон гэнэ. "Оролцогчийн тоог нарийн гаргах хэцүү юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд тохиосноос хамгийн том зөвшөөрөлгүй жагсаал" гэж ВВС онцолжээ.
Жагсаал цуглаан үеэр хүмүүсийг тоолдог "Белый счётчик" төслийн зохицуулагч Дмитрий Нестеровын өгүүлснээр Москвад болсон жагсаал 2013 оноос хойших хамгийн олон хүн оролцсон арга хэмжээ болсон гэнэ. Оргил үед 15 мянган хүн оролцсон бол өдрийн туршид 20 мянга гаруй хүн жагсаалд оролцсон байх магадлалтай гэнэ.
Путины ордны тухай баримтат киног юүтүб суваг дээрээ байршуулан, хоёрхон хоноход 50 сая гаруй хүн үзэж, үүний араас иргэд Навальныйг дэмжихээр ийнхүү гудамжинд цугласан бол өмнө нь мөн л Навальныйн баримтат киноны дараа иргэд олноор цуглаж байлаа. Тодруулбал, 2017 онд Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тухай "Он вам не Димон" нэртэй кино гарсны дараа Навальныйг дэмжсэн жагсаал болж, энэ үеэр олон хүн баривчлагдаж байв.
Жагсаалыг тараах үеэр цагдаагийнхан хүч хэрэглэсэн талаарх мэдээллүүд гарсаар байна. Одоогийн байдлаар 30 орчим хүн цагадагийн албан хаагчид зодуулсан, тэднийг асфальтруу толгойг нь мөргүүлсэн, толгой руу нь болон бусад хэсэг рүү бороохойгоор цохьсон, ээмэгнээс нь татаж чихийг нь сэтэлсэн, өшиглөсөн зэрэг гомдлууд гарсан байна.
Жагсагчдын зүгээс ч хууль зөрчсөн олон үйлдэл гарсны дотор хүүхдүүдийг оролцуулсан явдал байлаа. Жагсаалын үеэр 300 гаруй хүүхдийг саатуулж, холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн 40 орчим сэтгүүлч саатуулагдсан бөгөөд тэднийг баривчлах үеэрээ зодсон гэж сэтгүүлчид мэдүүлсэн байна.
Навальныйн хэрэг
Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный наймдугаар сард Германд хүргэгдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийхээ дараа энэ сард Орост эргэн ирмэгцээ Шерметьево нисэх буудал дээрээс баривчлагдсан юм. Түүнийг баривчилсныхаа маргааш нь цагдаагийн хэсэг дээр шүүх хурал зохион байгуулсан байна. Тодруулбал, Шийтгэл гүйцэтгэх холбооны алба Алексей Навальныйг тэнсэн харгалзах ялын хугацааны журмыг зөрчсөн гэж үзэн Химкинскийн хотын шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу нэгдүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаан болсон юм. Шүүх хурлаар Алексей Навальныйг 30 хоног баривчлан саатуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Навальный нэгдүгээр сарын 17-ны өдөр Орос руу буцна гэж мэдэгдэж байхад Оросын Шийтгэл гүйцэтгэх холбооны алба түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа, Орост ирмэгц нь баривчилна хэмээн мэдэгдэж байсан. Улмаар нэгдүгээр сарын 17-нд Москвад газардмагц нь түүнийг баривчилсан юм. Навальный хөрөнгө мөнгө шамшигдуулсан хоёр төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авсан бөгөөд түүнийг Германы эмнэлэгт байх хугацааг тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн гэж Шийтгэл гүйцэтгэх алба үзэж байгаа аж.
Түүнчлэн мөрдөн шалгах хороо Навальныйн эсрэг луйврын эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар, сөрөг хүчний улс төрчтэй холбоотой Авлигатай тэмцэх сан зэрэг сангууд нь иргэдээс 588 сая гаруй рублийг хандив болгон хүлээн авчээ. Энэ мөнгө сангийн зардалд зарцуулагдах байсан ч Навальный бусад этгээдүүдийн хамт "хувьдаа өмч, материаллаг үнэт зүйлс, гадаадад амрах зэрэг зардалд" 356 сая рублийг зарцуулсан гэнэ.
Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр бие нь огцом муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлсэн юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн. Тодруулбал Германы зэвсэгт хүчний лаборатори Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэдгийг тогтоосон гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн