Тангараг өргөх ёслолын үеэрх Цагаан ордны шинэ хатагтайн гоёл
2021-01-23

Нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол болж, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бага Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама, хамтран зүтгэгчид нь дэмжихээр ирсэн юм. Мэдээж түүний эхнэр, хүүхдүүд нь ч ёслолыг чимлээ. Зөвхөн АНУ төдийгүй олон улсын анхаарлын төвд байсан энэ ёслолын үеэр Байдены гэргий  Жилл Байдены гоёл бүсгүйчүүдийн харааг булааж байв.

 

Жилл Байдены тангараг өргөх ёслолын үеийн хэв маяг

Трампын гэргий Меланья Европ брэндүүдээр гангардаг байсан бол Цагаан ордны шинэ хатагтай Жилл нэг их нэрд гараагүй Америкийн загвар зохион бүтээгчдийн хувцсыг сонгодог гэнэ. Тангараг өргөх ёслолын үеэр түүний дүр төрхийг Маркариан загварын урланг үүсгэн байгуулагч Александра  О’Нил хариуцжээ. Александра санаа зээлдсэн үү эсвэл энэ зүгээр давхцал уу, ямартай ч Меланья дөрвөн жилийн өмнө цэнхэр өнгө сонгож байсан бол түүний халааг авсан Жилл ч цэнхэр өнгийн хувцастай ёслолд оролцсон юм.

Жилл Байден олны өмнө хилэн манжеттай цэнхэр өнгийн пальтотой гарч ирсэн. Дотуур нь өмссөн даашинзны энгэр хэсгийг Сваровски брэндийн болор, сувдаар гар аргаар гоёсон байна. Жилл гүн цэнхэр өнгийн өсгийтэй шаахай, урт бээлий, мөн өнгө дагуу амны хаалт зүүжээ.

 

Гоёлын өнгийг зүгээр ч нэг санаандгүй сонгочхоогүй гэнэ. Цэнхэр өнгийг итгэл, итгэлтэй байдал, тогтвортой байдлын өнгө гэж үзэн сонгожээ.

 

Цагаан ордон руу цагаан даашинзтай 

Албан ёсны арга хэмжээний дараа ерөнхийлөгчийн гэр бүл Линкольны дурсгалын цогцолбор руу, дараа нь Цагаан ордон руу явжээ. Ачаалалтай өдрийн төгсгөлд Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай "Америкийн ёслол" нэртэй цахим тоглолт үзэн сонирхож, үдэш нь ордны тагтан дээрээс ёслолын буудлага харсан юм. 

 

Үдшийн энэ гоёлын өнгө мөн л өмнөх тэргүүн хатагтайн сонголттой ижил байв. Шинэ тэргүүн хатагтай Жилл Байден цэцэгт хатгамалтай цагаан өнгийн даашинз, пальто өмссөн байна. Энэ хослолыг Chloè брэндийн уран бүтээл эрхэлсэн шинэ захирал Габриелла Херст бүтээжээ. Дэгжин эрхэмсэг төрхийг бүрдүүлэхийн тулд ягаан өнгийн өсгийт, цагаан амны хаалт хослуулахыг ч мартсангүй. 

Харин Меланья Трамп тангараг өргөх ёслолын дараа өмссөн гоёлыг Hervу Pierre өөрөө бүтээж байсан гэнэ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үнэн бөлгөө.
2021-01-23
Зочин:
Европ америкийг дагавал ирээдүйд европ мөхөх болно.
2021-01-23
Иргэн:
Үнэн бөлгөө.