Дэлхий даяар цар тахал эхэлснээс хойш коронавирусийн халдвар авсан хүний тоо 95 саяыг давж, 2 сая гаруй хүн нас баржээ. Харин энэ тахлыг дуусгахад вакцины тэгш бус хуваарилалт ихээхэн саад болж байна хэмээн үзэж байгаагаа ДЭМБ-ын тэргүүн илэрхийлсэн байна. Одоогоор коронавирусээс сэргийлэх вакцины хуваарилалт жигд бус явагдаж байгаа бөгөөд гагцхүү чинээлэг орнууд л вакцин авах боломжтой байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. Тэрбээр дэлхий дахин ёс суртахууны хямралын ирмэг дээр байгааг анхааруулсан байна. Гебрейесусийн үзэж байгаагаар вакцины тэгш хүртээмжийн тухай амлалт ихээхэн эрсдэлд орсон гэнэ.
"Вакцин зарим хүмүүст итгэл найдвар өгөхийн зэрэгцээ нөгөө талаар дэлхийн баян, ядуугийн хоорондын тэгш бус байдалд нэрмээс болж байна" хэмээн Гебрейсус ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн чуулганы нээлтэн дээр мэдэгджээ.
Тэрбээр улс орнууд нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнуудаа вакцинжуулж байгааг зөв зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. "Гэхдээ арай орлого багатай орнуудын эрүүл мэндийн ажилтнууд болон ахмад настнуудын оронд чинээлэг орнуудын залуу, эрүүл хүмүүс түрүүлж вакцин тариулж байгааг зөв зүйтэй гэж хэлэх боломжгүй" хэмээн Тедрос Гебрейсус мэдэгджээ.
Түүний өгүүлснээр зарим орнууд буурай орнуудад коронавирусийн вакциныг хүргэх ДЭМБ-ын тусгай хөтөлбөр болох COVAX хөтөлбөрийг тойрч, дарааллын урдуур орохыг хичээж байгаа гэнэ. Дэлхийн өндөр орлоготой 49 орон 39 сая тун вакцин авчихсан байхад "хамгийн буурай нэг орон 25 тун вакцин авсан" хэмээн ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. Гэхдээ энэ ердөө 25 тун вакцин авсан орны нэрийг тэрбээр хэлээгүй байна.
Энд дуулгахад, Ройтерс агентлагийн мэдээлснээр дэлхийн орнуудтай гэрээ хийхэд гарсан асуудал, вакцины нийлүүлэлт тасарсан болон санхүүжилт дутагдсаны улмаас COVAX хөтөлбөр тасалдаж магадгүй гэнэ. Ингэснээр дэлхийн хэдэн тэрбум хүн 2024 оноос нааш вакцин хүлээн авах боломжгүй болох аж.
Дэлхийн орнуудад зөвшөөрөгдсөн вакцинууд
2019 оны сүүлээр Уханьд үл мэдэгдэх өвчин гарч, улмаар дэлхий даяар тархаж цар тахал үүсгэсэн юм. Тухайн үед энэ өвчнөөс сэргийлэх вакцин хамгийн багадаа 18 сарын дараа гарна гэж мэдэгдэж байсан ч тэргүүлэх гүрнүүд коронавирусийн эсрэг вакцин боловсруулахад шуурхайлан орж, улмаар вакцин гарган авч, өнгөрсөн оны сүүлээр олон оронд эрсдэлт бүлгийнхнийг вакцинд хамруулах ажил эхэлж байв.
Дэлхийд хамгийн анхны коронавирусийн вакциныг гарган авч, бүртгэсэн тухайгаа наймдугаар сард зарлаж байсан Орос улс мөн л 2020 оны 12 дугаар сард эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулж байгаа, өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдрөөс бүх нийтийг вакцинд хамруулж эхэлсэн юм. Тус улс "Спутник V" болон "ЭпиВакКорона" гэсэн хоёр төрлийн вакцинаар 68.8 сая хүнийг тарилгад хамруулахаар төлөвлөж байна.
Өдгөө хатуу хөл хорионд байгаа Их Британид Оксфордын их сургууль, Шведийн АстраЗенека компанитай хамтран гаргасан вакциныг ашигласан вакцинжуулалтыг нэгдүгээр сарын дөрөвнөөс эхлүүлснээр энэ вакциныг ашигласан анхны улс болсон юм. АстраЗенека вакциныг Их Британийн засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр зөвшөөрсөн бөгөөд 100 сая тун вакцин захиалжээ. Энэ нь тус улсад бүртгэгдсэн хоёр дахь вакцин юм. Өмнө нь Германы BioNTech болон Америкийн Pfizer концерны хамтран гаргасан вакциныг бүртгэж, вакцинжуулалтад ашиглаж эхлээд байв.
Коронавирусийн халдвар анхлан бүртгэгдсэн Хятад улсад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу дэгдэлт анх гарснаас яг нэг жилийн дараа өөрсдийн боловсруулсан коронавирусийн анхны вакциныг бүртгэн авсан. Хятадын вакциныг Синофарм үйлдвэрлэсэн бөгөөд гурав дахь шатны эмнэлзүйн туршилтын завсрын дүнгээр вакцин 79.43 хувийн үр дүнтэй гэж гарсны маргааш өдөр нь ийнхүү бүртгэсэн байна.
2020 онд эрүүл мэндийн салбарын хувьд коронавирусээс сэргийлэх вакцин гарган авах нь амин чухал асуудал болсон бөгөөд 2020 оны 12 дугаар сар гэхэд 200 гаруй вакцин боловсруулалтын ажил явагдаж байгаагаас 63 нь хүн дээр туршилт хийж эхэлжээ.
Г.Бямбасүрэн