АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Оросын вакцин хийлгэхээс татгалзсан тухай Вести агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Москва дахь АНУ-ын Элчин сайд Жон Салливан "Спутник V" вакцин тариулах ОХУ-ын Гадаад хэргийн яамны саналд талархаж байгаагаа илэрхийлсэн ч вакцин тариулахаас татгалзжээ. Ийнхүү татгалзах болсон нь Оросын иргэнд оногдох тарилгын тунгаас авахыг хүсэлгүй байгаатайгаа холбон тайлбарласан байна. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Ребекка Росс Твиттер хуудсандаа мэдээлжээ.
Үүнээс өмнө Ребекка Росс Элчин сайд Салливан Санта-Клаусд хандсан захидлын зургийг Твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Энэ захидалдаа Салливан коронавирусээс хамгаалах вакцин, хоккейн шинэ цохиур мөн пүүз хүссэн байжээ.
Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яам Салливаныг Өвлийн өвгөнд хандахыг зөвлөн, Өвлийн өвгөнд "Спутник V" вакцин болон "Заряд" компанийн цохиур байгааг сануулжээ. Ийм цохиурыг Владимир Путин мөн ашигладаг байна.Гэсэн ч Оросын Гадаад хэргийн яамны энэ зөвлөгөөний хариуд Салливан вакцин хийлгэхээс татгалзаж, бусдын вакцинаас "хумслахгүй" хэмээн мэдэгдсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |