2020 оны дэлхийн ОНЦЛОХ 20 ҮЙЛ ЯВДАЛ
2020-12-28

2020 он дэлхийн түүхэнд "цар тахал дэгдсэн жил" хэмээн үлдэх нь. Дэлхий даяар цар тахал дэгдэн, анхны вакцин гарч, улс орнууд эвлэрч, эвдрэлцсэн жил байв. 2020 оны 20 онцлох үйл явдлыг сануулж байна.

1.    АНУ, Ираны сөргөлдөөн 
Нэгдүгээр сарын гуравны өдөр АНУ Багдадад агаараас цохилт өгсний улмаас Ираны цэргийн стратегич, генерал Касем Сулеймани амиа алдав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бөмбөгдөх тушаалыг өөрөө биечлэн өгсөн бөгөөд Сулеймани “олон сая хүний амь насыг хөнөөсөн, дахиад ч хөнөөхөөр зэхсэн “ хэмээн Твиттер хуудсандаа мэдэгдэж байв. Иран үүний хариуг өгнө гэж амлан, хэд хоногийн дараа Ирак дахь Америкийн баазуудад пуужингийн цохилт өгөв. Үүний дараа АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдээ чангатгасан юм. 

 

2.    “Андуурагдсан” онгоцны сүйрлийн улмаас 176 хүн амиа алдав 


Нэгдүгээр сарын наймны өдөр, Ирак дахь АНУ-ын баазыг бөмбөгдсөнөөс хэдхэн цагийн дараа Ираны агаараас эсэргүүцэн хамгаалах систем Тегеран дээгээр нисэж явсан Украины Боинг 737-800 онгоцыг Америкийн пуужин хэмээн андууран сөнөөв. Тегеран-Киев чиглэлийн нислэгээр зорчиж явсан болон хөлгийн багийн гишүүд гээд 176 хүн амиа алдлаа. Ираны эрх баригчид анхандаа онгоцыг техникийн шалтгаанаар сүйрсэн гэж мэдэгдэж байсан ч барууны орнуудын тэргүүнүүд дарамт үзүүлсний дараа “хүний алдаанаас болж” онгоцыг сөнөөснөө хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөр өгөхөө амласан юм. Тегеранд осолдсон онгоц Украины агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том осол байлаа. 


3.ОХУ-ын Засгийн газар огцров 


Нэгдүгээр сарын 15-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин уламжлал ёсоор  Холбооны хуралд хандан илгээлт тавьсны дараа ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон. Ерөнхий сайд асан Дмитрий Медведевийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар томилсон бол Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустин Ерөнхий сайдын албан тушаалд очсон юм. 


4.Британи ЕХ-г орхилоо 


Нэгдүгээр сарын 31-ний өдөр Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнээс гарав. 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан олон нийтийн санал асуулгын дүнг үндэслэн Брекзит буюу Британи ЕХ-оос гарах ажиллагаа эхэлж байв. Их Британи 1973 оны нэгдүгээр сарын нэгний өдөр ирээдүйн Европын холбооны үндсийг тавьж Европын нийгэмлэгт нэгдэж, 1975 онд олон нийтийн санал асуулгаар энэ гишүүнчлэлээ батлаж байсан бол дөч гаруй жилийн дараа ийнхүү Европын холбоог албан ёсоор орхисон юм. 


5. Трампын “импичмент” талаар болов 


Он дамнасан, Трампын импичментийг зарлах асуудалд цэг тавигдав.  2019 оны есдүгээр сарын дөрөвний өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампын импичментийг зарлах ажиллагааг эхэлсэн. Импичмент зарлах ажиллагааг эхлүүлэх болсон шалтгаан нь Трамп 2020 онд дахин сонгогдохын тулд өөрийнх нь гол өрсөлдөгч болох Байденыг "замаасаа зайлуулах"-ын тулд Байдены хүүгийн эсрэг хэрэг үүсгэн шалгуулахаар Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ дарамт үзүүлсэн гэх мэдээлэл дэлгэгдсэнтэй холбоотой юм. Улмаар Трампыг "эрх мэдлээ хэтрүүлсэн" гэсэн үндэслэлээр  импичмент зарлахаар ажилагааг эхлүүлсэн ч 2020 оны хоёрдугаар сарын тавны өдөр Конгресс түүнийг буруугүй гэж үзсэнээр импичментийн хэрэг хаагдав. 


6. Афганистаны Талибан хөдөлгөөн болон АНУ тохиролцоонд хүрэв 


Хоёрдугаар сарын 28-нд Афганистаны асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад, “Талибан” хөдөлгөөний Катар дахь салбарын тэргүүн мулла Абдулла Гани Барадар нар АНУ ба Талибан хөдөлгөөний хооронд гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Ингэснээр Афганистан улсад 20 шахам жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох эхлэлийг тавьсан юм. Баримт бичигт тусгаснаар, АНУ ба НАТО-гийн холбоотон улсууд эхний үе шатанд Афганистан дахь цэргийнхээ тоог 8600 хүртэл бууруулах ба цаашдаа “Талибан” хөдөлгөөн тохиролцоог сахин мөрдөж буй эсэхээс хамааран 14 сарын хугацаанд цэргээ Афганистаны нутгаас бүрэн гаргаж дуусгах ёстой аж. 

7.Жорж Флойдын үхэл үймээн дагууллаа 


Өнгөт арьстан Жорж Флойдын үхлээс үүдэлтэй үймээн тавдугаар сарын сүүлээр АНУ-ыг бүрхэв. Өнгөт арьст эрийг цагдаа нар баривчлах үедээ хүзүүн дээр нь өвдөглөн, улмаар амьсгалыг нь боогдуулж амь насаа алдах шалтгаан болсон юм. Цагдаагийнхны үйлдлийг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэл болон өрнөж, улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн юм. Зургадугаар сард энэ эсэргүүцлийг дэмжсэн 2000 гаруй жагсаал цуглаан дэлхийн 60 оронд  болжээ. Black Lives Matter хэмэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг энэ хөдөлгөөн нь Америкийн түүхэн дэх хамгийн том хөдөлгөөн болсон бөгөөд зургадугаар сард оргил үед нь энэ эсэргүүцэлд 15-26 сая америк хүн оролцсон гэсэн тоо бий. 


8.Анхны хувийн хөлөг сансарт хөөрөв 


Тавдугаар сарын 30-ны өдөр Илон Маскийн Space X компани Олон улсын сансрын станц руу Crew Dragon сансрын хөлгөө амжилттай хөөргөсөн. Хөлгийн бүхээгт Америкийн сансрын нисэгч Боб Денкен, Даг Харли нар байсан бөгөөд энэ нь хүмүүсийг сансарт хувийн компани хүргэж өгч буй анхны тохиолдол болсон юм.


9.Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталлаа

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зургадугаар сарын 30-ны өдөр батлав. Энэ хууль салан тусгаарлах, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, гадаадын, Хятадын эсрэг хүчинтэй үгсэн хуйвалдах гэсэн Хонконгийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ноогдуулахад чиглэгдсэн юм. Энэ хуулийг барууны орнууд ихээхэн шүүмжилж, "нэг улс-хоёр систем" зарчим алдагдаж байгааг онцолж байв. 


10. Хятад, Энэтхэгийн хилийн сөргөлдөөн 


Тав болон зургадугаар саруудад Хятад, Энэтхэгийн цэргүүд мөргөлдсөний дараа Ладакхад нөхцөл байдал хурцадсан. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэргийн алба хаагч, Хятадын 45 орчим цэргийн алба хаагч амиа алдсан бөгөөд үүний дараа хоёр тал энэ бүс нутаг дахь цэргийн тоогоо нэмэгдүүлсэн юм. Одоо Хятад улс хилийн дагуу цэргийнх объектууд барьж байгаа бол хоёр тал хоёулаа сөргөлдөөний бүс рүү хүн хүч, техникээ зузаатган татсаар байна. 


11.Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль 


Наймдугаар сараас эхлэн Беларусь улсад амралтын өдөр бүр эсэргүүцэл өрнөж, иргэд наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсээр байгаа юм. Энэ сонгуулиар 26 жил төр барьсан Лукашенко 89.1 хувийн санал авч, түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний төлөөлөгч Светлана Тихановская 10 хувийн санал авчээ.Ард түмний эсэргүүцэл, барууны орнуудын шахалт дарамтыг үл тоон Александр Лукашенко есдүгээр сарын 23-ны өдөр нууцаар тангараг өргөн, дахин Ерөнхийлөгчийн албан тушаалдаа очсон юм. 


12.Орост дэлхийн анхны коронавирусийн вакциныг бүртгэв 


Наймдугаар сарын 11-нд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс “Спутник V” гэж нэрлэгдсэн,дэлхийн анхны коронавирусийн вакциныг бүртгэсэн талаараа мэдэгдсэн. Энэ сарын зургааны өдрөөс Орост өргөн цар хүрээтэй вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд энэ ажилд “Спутник V” вакциныг ашиглаж байгаа юм. 


13. Шинзо Абэ огцров 
Наймдугаар сарын 28-ны өдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригчи Либерал-ардчилсан намын удирдлагад албан тушаалаасаа огцрох төлөвлөгөөтэй байгаагаа зарлав. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаас болж албан тушаалаа орхихоор болсон юм.  Шинзо Абэ Японы 2012 оноос хойш Ерөнхий сайдын албан тушаалыг улиран хашсан бол 2006-2007 онуудад Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байв. 
 
14. Олимп хойшлогдов 
Дэлхийн дахинд дэгдсэн цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул Япон болон ОУОХ зуны олимпыг ирэх жил болгон хойшлуулав. Ингэснээр дэлхийн спортынх гол үйл явдлыг хойшлуулсан анхны тохиолдол болов. Олимпыг цуцлахгүй бөгөөд Олимпын бамбар Японд үлдэн, ирэх 2021 онд зохиогдох наадам “Токио-2020” нэртэйгээр явагдах юм. 

15.Навальныйг хордуулав 


Наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэх нислэгийн үеэр Навальныйн бие гэнэт муудан, улмаар түүнийг Омск хотын эмнэлэгт хүргэсэн. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа комд орж, улмаар наймдугаар сарын 23-ны өдөр түүнийг ухаангүй байдалтайгаар Германы Шарите эмнэлэгт хүргэж байв. Навальныйг "Новичок" бодисоор хордуулсан гэж түүнийг дэмжигчид үзэж байсан бол хожим нь Германы шинжээчид үүнийг баталсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв. 


16.Уулын Карабах дахь сөргөлдөөн 


Есдүгээр сарын 27-ны өглөө Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Уулын Карабах руу Азербайжаны зүгээс халдсан талаар мэдэгдэв. Харин Азербайжаны эрх баригчид өөрсдийнх нь цэргүүд рүү буудсаны хариуд хийж буй үйлдэл хэмээн нэрлэсэн юм. Талууд эвлэрэх оролдлого хэдэнтээ хийсэн ч бүтэлгүйтсэн ч 11 дүгээр сарын 10-ы шөнө хийсэн Орос, Армени, Азербайжан гурван талт хэлэлцээ амжилттай болж, тулаан зогсов. Тулааны дүнгээр Кельбажар, Лачинск, Агдамын дүүргүүдийг Армени  Азербайжанд шилжүүлэн өгөхөөр болж, бүс нутгийг Оросын энхийг сахиулагчдыг хянахаар болсон юм.


17. Австрали, Хятадын худалдааны маргаан 


Өнгөрсөн онд Австрали 5G сүлжээ нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг оролцуулаагүй, дараа нь анх Хятадад илэрсэн коронавирусийн цар тахлыг олон улсын зүгээс мөрдөн шалгах ёстой гэж мэдэгдсэний улмаас Хятад, Австралийн харилцаа муудаж, оны төгсгөлөөр энэ нь ширүүсэв. Хятад Австралийнх мэдэгдлийн хариуд буудайн импортын татвар ноогдуулж, үхрийн мах худалдаж авахаа зогсоон, цаалаад Австралийн нүүрснээс Хятад татгалзах болсон юм. Хятадын боомтууд дээр 500 сая долларын өртөг бүхий нүүрс тээвэрлэсэн хөлөг онгоцууд хэдэн сар ачаагаа буулгаж чадахгүй зогсож байна. Түүгээр ч зогсохгүй Австралийн  дарсанд 200 гаруй хувийн татвар ноогдуулж, улмаар Австрали Дэлхийн худалдааны байгууллагад хандсан бөгөөд одоо талууд энэ байгууллагаар асуудлаа шийдүүлэх юм. 


18. АНУ-ын сонгууль Трамп ялагдав 


АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг тодруулах  сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болж, Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ардчилсан Намаас нэр дэвшигч Жозеф Байден нар өрсөлдсөн юм. Энэ сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Трамп ялна гэдэгтээ итгэлтэй байсан ч ялагдал хүлээж, үүнийгээ хүлээн зөвшөөрөлгүй түүний штабынхан олон мужид сонгуулийн дүнг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан ч хэрэгсээгүй. Харин шинээр сонгогдсон Жо Байден 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөх юм. 

19. Хятад сарны дээжийг авчрав 


Хятадын "Чанъэ-5" сансрын төхөөрөмж 1 дүгээр сарын 24-нд хөөрч, улмаар сарны хөрсний дээжийг тээн 12 дугаар сарын 16-нд Өвөр Монголын Өөртөө засах орны Дөрвөд хошууны нутаг дэвсгэрт газардав. Энэ нь 44 жилийн хугацаанд дэлхий дагуулын хөрсийг авчруулахаар илгээсэн анхны сансрын төхөөрөмж юм. Өмнө нь АНУ, ЗХУ энэ төрлийн сансрын ажиллагааг гүйцэтгэж байжээ

 

20. Их Британи, ЕХ-ны худалдааны хэлэлцээр 


Британи Европын холбооноос гарснаас хойш хоёр тал удтал хийж чадахгүй байсан Брекзитийн дараах харилцааны тухай хэлэлцээрийг боловсруулж оны өмнөхөн хийв. Хэлэлцээрийг Британийн Олон нийтийн танхим болон Европын холбооны зөвлөл соёрхон батлах ёстой юм. Үүний тулд Зул сарын амралтаа авсан Британийн Парламент ажлаа шуурхай эхлэх шаардлагатай болжээ.
 
  

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
oros hyatad amerik 3 iin ontsloh uil yavdal
2020-12-28
Зочин:
коронавирусийг яагаад онцлохгүй байна
2020-12-28