COVID-19 Шинэ жилийн баярыг "хулгайлсан" нь
2020-12-26

Хятадын Ухань хотод үл мэдэгдэх өвчин дэгдсэн тухай мэдээлэл анх гарснаас хойш нэг жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд дэлхий дахин эдийн засгийн хямралтай нүүр тулж, хүмүүс гэрээсээ гарахгүй "хоригдож", амны хаалт зүүж, байнга гараа ариутгах шаардлагатай болов. Цар тахлын үеэр эдийн засгийн болон хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлсөн сөрөг үр дагавруудыг арилгахын тулд зарим орны эрх баригчид оны сүүлээр хязгаарлалтуудаа сулруулж, хүмүүст оны гол баярыг нь өгнө хэмээн амлаж байлаа. Гэвч хөгжилтэй Зул сар, Шинэ жилийн  тухай мөрөөдөл бодит байдалтай нүүр тулан замхрав. Халдвартай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, коронавирусийн мутациуд хаа сайгүй илрэн, дэлхий даяар олон сая хүн жилийн хамгийн сайхан баяраа тэмдэглэж чадахгүй болов.

 

Дэлхийн олон хүмүүсийн хувьд Шинэ жил болон Зул сар 2020 онд бага зэрэг амьсгаа авах сүүлийнх нь найдвар байлаа. Оны сүүлээр хүмүүс коронавирусээс айхаа ч болж, шинэ мутацийн талаар бодохыг огт хүсэлгүй , нэг үгээр хэлвэл "ковидын мэдээ"-нээс залхаж орхиж. Гэвч дэлхий даяар өдөр бүр 500-600 мянган халдвар шинээр бүртгэгдэж байна. Хэдийгээр вакцин гарч, иргэдийг тарилгад хамруулж эхэлсэн ч ихэнх орон найр цэнгээн, хүний амь насны хооронд сонголт хийхээс аргагүйд хүрч, шинэ жилийн үзэсгэлэн худалдаа, баяр ёслолуудыг бүгдийг хориглолоо. 

 Дөрвөн хананы дунд 

 

 

Вирусийн мутаци илэрч, халдварын дэгдэлтийг хурдацтайгаар нэмэгдүүлж байгаагийн улмаас Британи дахин хатуу хөл хорионд орохоос аргагүй болов. Өмнө нь 12 дугаар сарын 23-27-ны хооронд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж, британичуудыг чөлөөтэй зорчин, гэртээ гэр бүлээрээ баяр тэмдэглэх боломж олгохоор төлөвлөж байсан ч вирусийн дэгдэлт ийм боломж өгсөнгүй. Ингээд Лондон, Английн зүүн өмнөд хэсгийнхнийг Зул сарын баяраар цугларахыг хориглов. Хүнсний бус барааны дэлгүүрүүд, спорт танхим, үсчин хаагдав. 

Дайны үед ч ийм байсангүй 

Европын ихэнх орнуудад коронавирусийн цар тахалтай тэмцэх үүднээс хязгаарлалт, хөл хорио үйлчилж байгаа юм. Түүнчлэн зул сар, шинэ жилийн баяруудад хамаатан садан, найз нөхдөөрөө цуглах үеэр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэний улмаас баярын өдрүүдэд төрөл бүрийн хориг нэвтрүүлжээ. 

 

Зарим нь бүр хачирхалтай гэмээр. Тухайлбал, Германы эрх баригчид салют, пиротехник худалдахыг хоригложээ. Энэ нь коронавирустэй шууд холбоогүй ч ийм хэрэгсэлтэй харьцахдаа хүмүүс гэмтэж бэртэж болзошгүй тул худалдаалахыг хориглосон байна. Коронавирусийн улмаас өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцээгүй энэ үед пиротехниктэй буруу харьцсанаас үүдэлтэйгээр гэмтсэн хүмүүсийн тоог нэмэхгүйн үүднээс ийм шийд гаргасан бололтой.

 

Түүнчлэн Берлин хотод Зул сарын үзэсгэлэн худалдааг хориглосон байна. Энэ нь 2020 онд орлого олох боломжоо алдсан бизнесменүүдэд хүндхэн цохилт болжээ.

 

Хөл хорих цаг 

Туркэд баярын өдрөөр хөл хорих цаг үйлчилнэ. Тодруулбал 12 дугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын дөрөвний хооронд 21.00 цагаас 05:00 цагийн хооронд гэрээсээ гарахыг хоригложээ. Гэхдээ энэ хориг жуулчдад хамаарахгүй гэнэ.

 

Египетийн эрх баригчид ч коронавирусээс сэргийлэхийн тулд шинэ жилийн үдэшлэгүүдийг хоригложээ. Энэ хоригийг хэрэгжүүлнэ гэж ард түмнийхээ ухамсарт найдаад орхилгүй, зоогийн газар болон зочид буудлуудын ажиллагааг "нууцаар тагнадаг хүмүүс" ажиллуулна гэж Египетийн эрх баригчид анхааруулсан байна.

 

Өмнөд Солонгост ч мөн шинэ жилийн баярын өдрүүдэд өвлийн аялал жуулчлалын бүхий л объектууд хаагдах аж. Харин Японы эрх баригчид Дэлхийн хоёрдугаар дайн дууссан цагаас хойш анх удаа эртний уламжлалаасаа татгалзахаар болсон байна. Тодруулбал, нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө хүмүүс олноор цуглардаг бүхий л сүм хийдүүдийг хаахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин