Манай улсын Оюу толгой уурхайг тойрсон асуудлаар сэтгүүлч Тори Макдональд "Алдартай уурхай улс төрийн ширүүн тэмцлийн төвд" нэртэй нийтлэлийг Eureporter цахим хэвлэлд нийтлүүлснийг хүргэж байна. Тэрбээр дэлхий дахин брекзит, ковидын халдварын талаарх мэдээлэл дунд геополиткийн асар их ач холбогдолтой нэгэн түүх олны анхаарлаас мултарсныг сануулсан байна. Дэлхийн хамгийн том, хамгийн үнэ цэнтэй уурхайнуудын нэг улс төрийн ширүүн тэмцлийн төвд байгаа бөгөөд энэ нь ирэх сонгуулийн маргааны нэг том сэдэв болно гэж тэрбээр үзжээ.
Монголд, Хятадтай хиллэх Өмнөговьд дэлхийн хамгийн баялаг металлын эх ундарга бий. Энэ бол Оюу толгой зэсийн орд газар бөгөөд энэ ордын 34 хувь нь Монгол Улсын Засгийн газарт, үлдсэн хэсэг нь Рио Тинтогийн хяналтын багцыг эзэмшдэг Turquoise Hill-д хамаардаг юм.
Орд газрын бүтээн байгуулалтын ажил 2011 онд эхэлсэн бөгөөд далд уурхайн ажлыг өргөжүүлснээр жилд 500 мянга хүртэлх тонн зэс олборлосноор Оюу толгой дэлхийн рейтингэд гуравдугаарт жагсана. Монгол бол хөгжиж буй орон, энэ уурхай бүрэн хэмжээгээр олборлолт хийвэл улсын нийт ДНБ-ын 30 хувийг энэ уурхай бүрдүүлэх юм. Тэгшитгэл тун энгийн, уурхай үр ашигтай ажиллавал Монгол баялгийг ихээр хүртэнэ, түүнгүйгээр энэ улс болон ард түмэн нь тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно.
Энэ бүхэн нь Оюу толгой уурхай улс төрийн маргаан, дээд түвшний хуйвалдааныг соронз мэт татах болсон учрыг тайлна. Монголын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд эрх баригч Ардын намын өндөр албан тушаалын гишүүн хэвээр байгаагийн дээр энэ намаас ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгд тооцогдож байгаа юм. Хэдийгээр Батболд хэлэлцээрийн багт багтаагүй ч орд газрыг ашиглах хэлэлцээр хийх үед Гадаад хэргийн сайд байсан юм. Дараа нь Ерөнхий сайд байхдаа дэвшилтэт, орчин үеийн чиг хандлагатай байлаа.
Европ болон Америкийн хөрөнгө оруулагчдыг ихээхэн татсан орд газар бизнесд нээлттэй Монголын бэлгэ тэмдэг болсон юм. Зарим нь харин яг л энэ шалтгаанаар ихээхэн эсэргүүцдэг. Тэд орд газар болон түүнд агуулагдах зэс Монголд хамаарна гэж үзэн гадныхныг оруулсанд дургүйцдэг. Тэд Turquoise болон Rio Tinto-г улс орных нь байгалийн нөөцийг шавхаж, хангалттай нөхөн төлбөр өгдөггүй хэмээн буруутгадаг юм.
Энэ асуудал босож ирвэл Батболд өнөөгийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын эсрэг зогсох шаардлагатай болох байх. Баттулга бол Владимир Путиний шүтэн бишрэгч, оросоор ярьдаг, Путиний дуртай спорт болох жудод дуртай, мөн Анжелика гэх орос бүсгүйтэй. Тэр тангараг өргөх ёслолынхоо үеэр Оросыг ч , Хятадыг ч дурдах гэж бүхий л чадлаараа хичээж байлаа.
Баттулга олборлогч бус салбаруудад санхүүжилт оруулахыг нь дэмжин, улс орондоо гадаадын компаниудын хүрээг өргөжүүлэхээр хичээж байлаа. Түүнчлэн тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголын банкуудыг ашиглахыг тусгасан хуулийн төсөл ч гаргаж байсан юм. Энэ санал хэрэгжээгүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх байсан ч дахин гарч иржээ. Төрөөс гэнэт л нэгэн сайхан өдөр бүх дансуудыг нь царцааж, шилжүүлгийг хориглочих магадлал байгаа үед гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө мөнгөө эрсдэлд оруулах нь юу л бол. Энэ алхам нь корпорацийг сульдуулах гэсэн өргөн цар хүрээтэй төлөвлөгөөний Рио Тинтод дарамт үзүүлэхэд чиглэгдсэн занга ч байж мэдэх юм.
Гэхдээ ингэснээрээ Баттулга бусад хөрөнгө оруулагчдыг үргээж, зориудаар эсвэл санаандгүйгээр Оюу толгойг гартаа авахыг хүсдэг Орос эсвэл Хятадад хаалга нээж өгч магадгүй гэдэгт л санаа зовнихуйц асуудал оршиж байна.
АНУ ийм алхмыг анхааралтай ажиглана. Жо Байдены захиргаа Дональд Трампынхтай адилаар Хятадад ширүүн хандах төлөвтэй. Энэ долоо хоногт гэхэд л Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ЕХ-Хятадын бизнесийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү энэ уурхай Монголын ирээдүйн чиг хандлагын талаархи мэтгэлцээний гол төв болох бөгөөд сонгууль ойртохын хэрээр уурхай улс төрийн хөлбөмбөгийн талбай болов. Батболдыг уурхайтай гэрээ байгуулах үеэр авлига авсан хэрэгт Монголын тал буруутган Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь байдлыг улам дэврээв. Нью-Йоркийн шүүх Батболдын талд шийдвэр гарган, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ энэ байдал нь түүний өрсөлдөгчид уурхайг гол асуудал болгохоор эрс шийдснийг харуулж байгаа хэрэг юм.
Батболд өөрийг нь авлигын хэрэгт буруутгасныг үгүйсгэдэг. Монголын төрийн гурван агентлагийн нэрийн өмнөөс гаргасан дээрх нэхэмжлэл нь ихээхэн гайхшрал төрүүлж байгаа юм. Үүнийг зориуд улс төржсөн, өнөөгийн ерөнхийлөгчийн хүсэл зоригийг биелүүлсэн, өрсөлдөгч Батболдын нэр хүндийг дотоодод төдийгүй гадаадад ганхуулахад чиглэгдсэн үйлдэл гэж харж болохоор байна. Энэ үйл ажиллагааг Ерөнхийлөгч өөрөө томилсон Монголын Ерөнхий прокурорын орлогч хянаж байсан гэдэг нь ч анзаарагдамгүй үлдсэнгүй.
Шүүх явц ихээхэн зардал шаардаж, олон хуульч оролцдог. Монголын төрийн байгууллагууд санхүүгийн салбарын мөрдлөгөөрөө алдартай, Кролл мөрдөх агентлагийг үндэслэгч, өдгөө өөрийн К2 нэртэй зөвлөгөө өгөх компанийг удирддаг Жюль Кроллын бэлдсэн тайлан дээр тулгуурлажээ. Хуульч нар болон Жюль Кроллд хэдийг төлж байгаа, илтэд улс төрийн тактик нь зөв арга мөн үү гэсэн асуултыг шүүмжлэгчид тавьж байгаа юм.
Г.Бямбасүрэн