Оросын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр оны сүүлээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, иргэд болон сэтгүүлчдийн асуултад хариулдаг уламжлалтай. Энэ жил цар тахлын улмаас хэвлэлийн бага хурал цахим хэлбэрээр болсон юм.
Энэ үеэр ОХУ-ын дотоодын болон гадаад бодлоготой холбоотой, салбар бүрийн асуулт ирж байсны дотор Навальныйн хэрэгтэй холбоотой асуулт хэвлэлийнхний анхаарлыг ихээр татлаа.
Алексей Навальный наймдугаар сард бие нь муудаж, комд орон Оросын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад улмаар Берлинд эмчилгээг нь үргэлжлүүлсэн. Түүнийг "Новичок" гэх мэдрэлд нөлөөлдөг хүчтэй бодисоор хордуулсан гэж Германы тал мэдэгдсэн бөгөөд Оросын Холбооны аюулгүй байдлын ажилтнуудыг энэ хэрэгт сэжиглэж байгаа юм. Энэ талаарх асуултад Путин ийнхүү хариулжээ.
"Тусгай албад тэднийг ажиглах ёстой. Гэхдээ энэ нь хордуулах хэрэгтэй гэсэн үг биш" хэмээн Путин мэдэгдсэн байна.
Путин Навальныйг овог, нэрээр нь нэрлэлгүй "тэр", "алдартай блогчин", "Берлиний эмнэлгийн өвчтөн" гэх зэргээр нэрлэж байлаа.
"Берлиний эмнэлгийн өвчтөний тухайд гэвэл зарим зүйлсийг давтан хэлье. Берлиний эмнэлгийн энэ өвчтөн АНУ-ын тусгай албадын дэмжлэгийг авдаг. Тэгэхээр тусгай албад түүний хойноос ажиглах ёстой. Гэхдээ энэ нь түүнийг хордуулах ёстой гэсэн үг биш. Тэр хэнд хэрэгтэй юм? Хүссэн бол гүйцээчих л байсан шүү дээ" хэмээн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Түүнчлэн гадаадын хэвлэлүүдэд гарсан Путин болон түүний хүрээллийнхний тухай эрэн сурвалжилсан нийтлэлүүдийн талаар асуухад өөрийнх нь нэр хүндийг ашиглах гэсэн л үзүүлбэр хэмээн мэдэгджээ. Улс төрийн тэмцэлд дэлхий даяар энэ аргыг ашигладаг гэдгийг ч онцолсон байна.
Мөн Путин, түүний гэр бүл болон хүрээллийнхнийх нь тухай эрэн сурвалжлах нийтлэлүүдийг бичсэн сэтгүүлчдийн ард АНУ-ын Төрийн департамент болон Америкийн тусгай албад байгаа гэж тэрбээр үзэж байгаа гэнэ.
"Ямар ч байсан тэдний даалгавраар л хийсэн. Энэ нь илэрхий" хэмээн Владимир Путин мэдэгджээ.
Мөн Навальныйн эхнэр түүнд хандмагц Навальныйг Герман руу эмчилгээнд явуулахыг даалгасан гэж мэдэгдсэн байна.
Навальный ба "Новичок"
Наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр Оросын сөрөг хүчний төлөөлөгч, улс төрч Алексей Навальный гэнэт бие нь муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлсэн юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгдсэн. Тодруулбал Германы зэвсэгт хүчний лаборатори Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэдгийг тогтоосон гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдэгдсэн юм.
Онц аюултай энэ бодисоор одоогоос хоёр жилийн өмнө, 2018 онд Британид Оросын Тагнуулын газрын хурандаа асан Скрипалийг охиных нь хамт Лондон хотноо хордуулсан хэрэг гарч байлаа. Тэрбээр худалдааны төвд охинтойгоо явж байгаад гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Орос, Британийн тагнуул асан Скрипалийг охиных нь хамт мэдрэл саажуулах үйлчилгээтэй бодисоор хордуулсан гэж Британи мэдэгдэж байлаа.
"Новичок" гэх мэдрэл саажуулах бодис нь байлдааны хордуулагч бодисонд хамаардаг бөгөөд дэлхий даяар хэрэглэхийг хориглосон. 1997 онд хүчин төгөлдөр болсон Химийн зэвсэг хориглох тухай конвенцоор химийн зэвсэг үйлдвэрлэх, ашиглахыг хориглосны дээр химийн зэвсгийн бүхий л нөөцийг устгах талаар тусгасан юм.
Байлдааны хордуулагч бодисуудын дотроос илүү хор хөнөөлтэй мэдрэл саажуулах бодисыг Германд боловсруулан гаргаж байв. Энэ бол хүний бие организм дахь мэдрэлийн импульс дамжуулалтыг алдагдуулж, саажилт үүсгэн, улмаар үхэлд хүргэж болзошгүй аюултай бодис юм. Хүн арьсаар дамжуулан эсвэл амьсгалын замаар мэдрэл саажуулах бодисоор хордох боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн