Нидерланд Оросын дипломатуудыг тагнуулын хэрэгт буруутган, нутгаасаа хөөв
2020-12-11

Оросын Элчин сайдын яамны дипломатууд гэж батламжлагдсан, ОХУ-ын Гадаад тагнуулын албаны хоёр ажилтны үйл ажиллагааг Нидерландын Ерөнхий тагнуул, аюулгүй байдлын алба таслан зогсоосон гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ.

 

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, тагнуулын нэг ажилтан нь холбоо харилцааны салаалсан сүлжээ үүсгэж, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, нанотехнологи зэрэг өндөр технологийн салбарын мэдээллүүдийг авдаг байжээ. Зарим тохиолдолд тэрбээр эх сурвалжуудад мөнгө төлдөг байсан бөгөөд хоёр дахь тагнуулч нь туслах үүрэг гүйцэтгэдэг байсан гэж Нидерландын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.

 

"Тэднийг хоёуланг нь "персона нон грат" гэж зарласан. Энэ нь тэд цаашид Нидерландад дипломатаар ажиллах эрхгүй бөгөөд манай орныг нэн даруй орхин гарах ёстой гэсэн үг" хэмээн Нидерландын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. Ингэснээр Оросын хоёр дипломат хоёр долоо хоногийн дотор Нидерландыг орхин гарах ёстой болсон байна.

 

Оросын Элчин сайдын яам Голландын Гадаад хэргийн яамнаас нот бичиг хүлээн авсан гэдгээ баталсан байна. Гэхдээ "Вант улсын нутаг дэвсгэр дээр хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй" хэмээн цохон тэмдэглэсний дээр ОХУ хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин