Маргаашаас Налайхын замыг хэсэгчлэн хаана
2020-09-22

 

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Налайхын авто замыг хэсэгчлэн хааж, зам засварын ажил хийх талаар мэдээлэл өглөө. Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд мэдээллээ. Тэрбээр:

 

-Нийслэлийн авто замын газраас Налайхын 20,9 км замд барилгын ажил хийж өнгө хучих ажлыг эхлүүлнэ. Маргааш өглөөний 07 цагаас Налайхын зорчих хэсгийн ар замын өнгө хучилтын ажил эхэлж байгаа. Үүнтэй холбоотой налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй хэсэгчилж хаахаар төлөвлөсөн аж. Таван үе шатаар хаах бөгөөд эхний ээлжид зорчих хэсгийнхээ ар хэсгийг хаана. Хучих үед зорчих урд хэсэг нээлттэй сөрөг урсгалаар явахаар зохицуулж байгаа. Тиймээс энэ барилгын ажил хийхтэй холбоотой ард иргэд, түүгээр зорчиж буй авто машин эзэмшигчид хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж тэмдэг тэмдэглэгээний дагуу зорчоорой. Өнгө хучилтын ажлаас гадна явган хүний болон дугуйн зам хийгдэнэ. Өнгө хучих үеэр зэрэг амжуулан хийж болох тохижилтын ажлуудаа хийнэ. Өдөр шөнөгүй хоёр ээлжээр ажиллана.

 

Есдүгээр сарын 23-25 хооронд Налайхаас-Чойр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас Оргил худалдааны төв хүртэл замыг хаана. Энэ үед хот руу орох урсгалыг хааж зүүн гар талын урсгалаа нээлттэй байлгана.

 

Хонхроос буцаж эргэх уулзвар хүртэл замыг есдүгээр сарын 25-28 хүртэл гурав хоногийн хугацаатай хаана. Ургах наран хорооллоос буцаж эргэх эргэлт хүртэл есдүгээр сарын 28-аас 10 дугаар сарын нэгний хооронд хойд урсгалыг хаана. МТ шатахуун түгээхээс буцаж эргэх замыг 10 дугаар сарын 1-4-ний хооронд хааж өнгө хучилтын ажлыг хийнэ. Улаанбаатар руу орж ирэх үлдсэн хэсгийн замыг 10 дугаар сарын 4-8-ны хооронд хааж өнгө хучилтын ажлын хийнэ. 

 

Тээврийн цагдаагийн албанаас энэ үеэр хяналтын пост эргүүл гарах юм. Жолоочдод анхааруулж хэлэхэд хурдаа тохируулж явах, хориглосон тэмдэг тэмдэглэгээнүүдийг онцгой анхаарч хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.  Ялангуяа шөнө оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа хасаарай. Налайхын зам дээр гардаг зөрчил, ослуудаас дийлэнх нь хурд хэтрүүлсэнтэй холбогддог. Шинэ зам тавигдсанаар Налайхын зам дээр гарах ослын тоо 50 хувь хүртэл буурсан. Налайхын замын ажил нь засварын ажил биш болно гэлээ. 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин