Дэлхийн автомашингүй өдөр: Машины тоо нэмэгдэхийн хэрээр ХАВДРЫН ӨВЧЛӨЛ нэмэгддэг
2020-09-22

XXI зууны хүний амьдралын орчныг бохирдуулагч гол шалтгаанаар хэдийнэ нэрлэгдсэн автомашинаас нэг өдөр татгалзах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

 

Хэтэвч, сонирхолд нийцсэн автомашин дэлхий даяар хэдэн саяараа үйлдвэрлэгдэж эхлэхээс өмнө алс холын замыг товчлох энэ хөсөг байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь харьцангуй бага байсан гэх. Гэвч сүүлийн 20 жилд автомашины тоо хэд дахин нэмэгдэж, улмаар томоохон хотуудын агаарыг бохирдуулах гол шалтгаан болжээ.


Өнөөдөр хөдөлгөөнд оролцож буй машинуудын ихэнхэд  зорчигч, жолооч хоёр л байх бол хөдөлгөөнд оролцож буй машинуудын 50%-д зөвхөн жолооч ганцаараа байдаг гэсэн судалгаа бий.

 

Маш цөөн хүн тээвэрлэх ч асар их газрын тос хэрэглэж, агаар бохирдуулж  байгаа автомашины хэрэглээ эзэмшигч хүндээ ч сөрөг нөлөөтэй гэдэг. Хүн удаан хугацаанд автомашин дотор байснаар цус өтгөрч, булчин сулардаг нь хамгийн наад захын үр дагавар гэдгийг мэргэжилтнүүд сануулдаг юм.

Түүнчлэн хавдрын өвчлөлийн өсөлт автомашины өсөлттэй шууд хамааралтай байх бөгөөд Хятадаар жишээлэхэд, сүүлийн 20 жилийн хугацаанд энэ улсад автомашины тоо 10 дахин өссөн бол хавдраар өвчлөгсдийн тоо 15 дахин өсчээ.

Жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг Дэлхийн автомашингүй өдөр болгон олон улсад тэмдэглэдэг. Ганц өдөр ч гэсэн түлш хэрэглэдэг тээврийн хэрэгслээс татгалзахын тулд тэмдэглэн өнгөрөөдөг энэ өдөр дэлхийн олон улс, хотод тусгай арга хэмжээ зохион байгуулдаг юм.

 

Байгаль орчинд  төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй автомашины хэрэглээг багасгах үүднээс явган алхах, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг уриалдаг  арга хэмжээнүүдийг 1973 оны газрын тосны хямралаас үүдэн олон хотод зохион байгуулж эхлэсэн бол 1994 онд Испанид зохион байгуулагдсан  International Ciudades Accesibles хурлаас анх энэ төрлийн төсөл арга хэмжээг идэвхижүүлэх уриалга гаргаж байжээ.


Автомашингүй өдрийг анх Исландын Рейкьявик, Их Британийн Бате, Францийн Ля Рошелид тэмдэглэжээ. Харин 1995 онд энэ өдрийг дэмжих үүднээс “Дэлхийн автомашингүй өдөр” хэмээх албан бус консорциум байгуулагдсан юм.
 
2000 оноос дэлхий даяар энэ өдрүүдийг тэмдэглэх болжээ. Манай улсын хувьд 2012 оноос эхлэн жилд хоёр удаа автомашингүй өдрийг тэмдэглэн, энэ үеэр эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан өнгөрүүлдэг болсон.
 

Автомашинаас татгалзаж эхлэсэн хотууд
 

Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрийн архитекторууд хотын гудамжууд техникт биш харин хүнд зориулагдах ёстой гэдгийг улам бүр ухамсарласаар л байна.

Хүн, төмөр хүлэг зэрэгцэн оршоод 100 гаруй жилийг үдсний дараагаас л дэлхийн зарим хотуудад хотын нөхцөлд автомашин эзэмших нь тийм ч зөв сонголт биш гэдэг нь улам бүр тодорхой болсоор байгаа юм. Авто ослын улмаас амь насаа алдаж буй хүмүүсийн тоо өссөөр байгаад ч  гол учир нь байгаа юм биш. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа автомашины урсгалаас болоод өнөөдөр хотуудын замын нөхцөл байдал хүндэрсээр байгаа юм.

 

Их Британид хийсэн судалгаагаар нэг жолооч амьдралынхаа 100 хоногийг зогсоол хайн өнгөрүүлдэг гэсэн дүн гарчээ.   Манай улсын нийслэлд гэхэд л өглөө ажил цуглах, орой ажил тарахтай зэрэгцээд замын хөдөлгөөн хэр их нэмэгдэж, өөр зүйлд зарцуулах цагаа замын түгжээнд өнгөрөөж байгааг хүн бүр мэднэ. Зуны гурван сард хэвийн, сэлүүхэн байсан хөдөлгөөн намар, сургууль цэцэрлэг эхлэх дөхөхтэй зэрэгцэн эрс нэмэгддэг. Амралт зугаалгын гурван сарыг, амралтын өдрүүдтэй хасахаар жилд нэг хүн 190 орчим хоног замын түгжээнээс болж “алтан цаг”-аа үрж байдаг. Өглөө оройдоо дунджаар нэг, нэг цаг бөглөөтэй замд өнгөрүүлдэг гэж тооцвол, Улаанбаатарын оршин суугч ганцхан жилд амьдралынхаа 15 хоногийг замын түгжээнд өнгөрүүлдэг байх нь.

 

Дэлхийн том хотууд бүрт л ийм асуудал бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээг авсаар байгаа юм. Тэр дундаа автомашин эзэмшигчдэд биш харин хүнд ээлтэй, хүний зорчих тав тухыг хангах чиглэлээр түлхүү ажилласаар байна. Ийм хотуудын жишээ болсон 7 хотыг танилцуулая.
 

Мадрид
 

Энэ хотын хэд хэдэн гудамжинд автомашины хөдөлгөөнийг хориглосон байдаг. Ойрын таван жилд дахин 24 гудамжийг явган зорчигчид зориулан тохижуулахаар төлөвлөж байгаа. Хөдөлгөөн хориглосон бүсүүдэд тээврийн хэрэгсэл ашиглавал 100 хүртэлх еврогийн торгууль төлнө. Түүнчлэн автомашины хэрэглээг багасгахын тулд төвийн бүсүүд дэх зогсоолын үнийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
 
 
Парис

Өнгөрсөн жил Францын нийслэлд утаа өндөр түвшинд хүрсэн тул хотын захиргааныхан автомашины тэгш болон сондгой дугаараар зорчих хөдөлгөөний хязгаарлалт тавьсан юм. Ингэснээр зарим дүүрэгт агаарын бохирдол 30%  буурчээ.  Улмаар хотын захиргааныхан автомашин эзэмшигчдэд хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дэмжин ажилласаар байна. Тухайлбал, амралтын өдрүүдэд Парисын төвөөр автомашин зорчихыг хоригложээ.
 
Түүний зэрэгцээ, 2020 он гэхэд Францын нийслэлд унадаг дугуйн замын тоог хоёр дахин нэмэгдүүлж, дизель түлшээр явдаг автомашиныг бүрэн хориглож, зарим гудамжинд зөвхөн цахилгаан автомашин явдаг байхаар зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна. Парис хотын захиргааны эдгээр арга хэмжээнүүд зохих үр дүнгээ өгөөд эхлэсэн бөгөөд 2001 онд Парисын оршин суугчдын 40% нь хувьдаа автомашингүй байсан бол өнөөдөр энэ тоо 60%-д хүрчээ.
 

Чэнду

Хятадын баруун өмнөд хэсэгтр байх энэ хот бусад хотуудын хувьд үлгэр жишээ болохуйц газар. Энэ хотын гудамжуудыг маш нарийн тооцоолж хийсэн бөгөөд хотын аль ч цэгт явганаар 15 минут орчим алхаад л хүрчих байдлаар шийджээ.  Хотын ерөнхий төлөвлөгөө нь автомашиныг бүрэн хориглоогүй ч бүх замуудын тал хувиар л машин зорчиж болно харин үлдсэн хэсэгт нь унадаг дугуйчдад  зориулагдсан байна.
 
 

Гамбург
 
Гамбург хотод авто тээврийн хэрэгсэл ашиглахыг шууд хориглоогүй ч хотын захиргааныхан оршин суугчид машин ашигласнаас илүүтэйгээр явган явах, эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэхэд илүү ая тухтай байх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаах юм байна. Энэ хотод ойрын 15-20 жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ногоон сүлжээ” гэх хөтөлбөр бий. Энэ хөтөлбөр нь дугуйчид болон явган зорчигчдод таатай дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээнүүд багтжээ. Түүнчлэн хотод явган зорчигч болон дугуйн замаар холбосон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хотын нийт нутаг дэвсгэрийн 40%-ийг хамрах энэ сүлжээ нь хүмүүсийг автомашин ашиглахаас татгалзах сэдлийг төрүүлнэ гэж эрх баригчид үзэж байгаа юм байна.
 
Хельсинки

Финландын нийслэл ойрын 10 жилд хүн амын тоо нь эрс өснө гэсэн тооцооололтой байгаа. Гэхдээ хүн нэмэгдэхийн хэрээр автомашины тоо нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхааран ажиллаж байна. Хотын хөгжлийн шинэ төлөвлөгөөнд автомашины хөдөлгөөнийг  хотын зах руу шилжүүлэхээр тусгажээ. Харин хотын төвөөр зөвхөн нийтийн тээвэр үйлчлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Автомашинаас татгалзаж буй иргэдийн тоог нэмэгдүүлэхийн тулд Хельсинки хотод төрөл бүрийн шинэлэг санаа нэвтрүүлсээр байгаа юм. Тухайлбал, дугуй түрээслэх газар олох, такси дуудах, трамвай эсвэл автобусны буудал зэргийг бага хугацаа зарцуулан олох гар утасны апликейшн бүтээжээ.
 
Милан

Автомашинаас татгалзаж, цэвэр хот байгуулах тал дээр бусдаас хол тасарсан хот нь Милан. Энэ хотын захиргаа машинаа  орхин явганаар зорчиж, эсвэл нийтийн тээврийн зорчиж буй хүмүүсийг дэмждэг. Машинаа унахаас татгалзсан хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэ төлбөргүй тасалбар авдаг бөгөөд үүгээрээ орон нутгийн нийтийн тээюрээр үйлчлүүлнэ.  Энэ тасалбарыг тун “ухаалаг”-аар шийджээ. Хууран мэхлэх оролдлого гарах ямар ч боломжгүй. Энэ хөтөлбөрт оролцож буй бүх хүмүүсийн автомашиныг хянаж байдаг. Систем дээр автомашин зогсоол дээр үлдсэн гэсэн мэдээлэл гармагц тээврийн картанд бонус шилжиж орно.
 
 
Копенгаген

Дөчин жилийн тэртээ Копенгагены замын хөдөлгөөн яг л манайх шиг байсан гэдэг. Ахрин одоо энэ хотын оршин суугчид ажил, сургуульдаа явахдаа унадаг дугуй сонгох нь улам нэмэгдсээр байгаа юм. Энэ бүхэн өнгөрсөн зууны 60-аад оноос эхтэй. Тухайн үед эрх баригчид хотын төвөөр явган зорчигчийн бүсүүдийг нэмэгдүүлж, автомашины хөдөлгөөний орон зайг аажмаар багасгаж эхлэжээ. Одоо Копенгагенд 320 километр унадаг дугуйн зам бий. Түүнчлэн хотын захын хэсгүүдийг төвтэй холбох дугуйн том зам барихаар ажиллаж байгаа  Копенгаген Европ тив дэх хамгийн бага автомашинтай хот юм.
 
Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Наад автомашин чинь хүн байгаль хоёрыг хордуулж байна
2020-09-22