Беларусийн эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг ашиглаж буй зэвсэг хэр аюултай вэ?
2020-08-20

Наймдугаар сарын есний өдөр Беларусьт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр 26 жил төрийн эрхэнд байсан Александр Лукашенко 80 гаруй хувийн саналаар дахин сонгогдсон нь беларусчууд үймэх шалтгаан болов. Дахин сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцэгчид 11 дэх өдрөө эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд хууль сахиулагчидтай хэдэнтээ мөргөлдөж, мөн цагдаагийнхан жагсагчдыг тараах зорилгоор төрөл бүрийн аминд халгүй зэвсэг ашиглаж байгаа талаарх мэдээллийг олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулж байлаа. 

 

Беларусийн эрх баригчид жагсагчдын эсрэг резинэн сумтай буу, усан буу, нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашигласан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Эдгээр зэвсгийг "үхэлд үл хүргэх"  зэвсэг, ноцтой хохирол учруулахгүй хэмээн онцолж байлаа. Энэ нь үнэнд хэр нийцэх вэ? 

 

Наймдугаар сарын 17-ны өдөр Олон улсын iSANS шинжээчийн байгууллага Беларусийн нийслэл Минск хотод гудамжны эсэргүүцэл болон баривчилгааны үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн мэдээллийг судлан, тусгай илтгэл гаргажээ. Судлаачдын мэдэгдсэнээр, тэд 2020 оны наймдугаар сарын 9-13-ны хооронд Минскийн эмнэлгүүдэд хүргэгдсэн 347 хүний оношийг олж авч чадсан гэнэ. Тэр дундаа, хамгийн хүнд тохиолдлуудыг түүн авсан гэдгийг онцолжээ. 

 

"Наймдугаар сарын 17-ны өглөөний байдлаар 700 гаруй хүн хууль сахиулагчид эрхийн зөрчил гаргасан гэсэн гомдол гаргасан. Зарим хүмүүс эмч нарт хандаагүй, гомдол гаргаагүй байж мэднэ. Түүнчлэн баривчлагдсан бүхий л хүмүүсийг суллаагүй" гэж илтгэлд өгүүлсэн байна.

 

Дээр өгүүлсэн, өвчтөнүүдийн батлагдсан оношийн жагсаалтад галт зэвсгийн шарх, цээжний ил болон далд гэмтэл, биеийн төрөл бүрийн хэсэг дэх сумны шарх, дэлбэрэлт болон тэсрэх бөмбөг-дэлбэрэлтээс үүдсэн гэмтэл, халууны нөлөөгөөр түлэгдсэн, нүд химийн бодисонд түлэгдсэн, хэнгэрэг цоорсон, хий хорт нөлөөллийн үр дагавар, хугарал, мултрал, зөөлөн эдийн гэмтэл зэрэг оношууд багтжээ. 

 

Илтгэлийн зохиогчдын онцолсноор гэмтэл, шархны ихэнх нь хууль сахиулагчид хүч хэрэглэснээс үүдэлтэй бөгөөд харин илүү хүнд гэмтлүүд нь "үхэлд үл хүргэх зэвсэг" гэгддэг резинэн сум, нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашигласантай холбоотой гэнэ. Беларусьт болсон жагсаалыг тараахын тулд ашигласан эдгээр зэвсгийг АНУ-д ашиглаж байлаа. Гэхдээ улс орон даяар олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд ашиглаж байсныг ВВС онцолсон байна. 

 

"Энэ зэвсгийг нийгмийн аюулгүй байдалд бодитой аюул занал учирж,  цагдаагийнхан хүчирхийллийг хяналтанд оруулах боломжгүй болсон үед буюу хамгийн сүүлд хэрэглэдэг. Ийм нөхцөл үүсээгүй л бол зэвсэггүй, энгийн иргэдийн эсрэг энэ төрлийн зэвсэг ашиглаж байгааг зөвтгөх аргагүй" хэмээн дээрх төрлийн зэвсэг ашиглалтаас үүдсэн үр дагаврыг судлаж байсан, Берклигийн их сургуулийн багш, эмч Рохини Хаар ВВС агентлагт ярьжээ. 

 

АНУ-д олныг хамарсан эсэргүүцэл гарах үеэр "үхэлд үл хүргэх зэвсэг" хэрэглэсний улмаас олон зуун хүн гэмтэж бэртэн, хүнд шархдаж байв. Гэхдээ чухам хичнээн хүн гэмтсэн талаарх нарийн тоон мэдээлэл байхгүй. Нью-Жерси мужийн цагдаагийн нэгэн хэлтсийн дарга асан Брайан Хиггинс CNN агентлагт ярихдаа, галт зэвсэг ашиглах тохиолдол бүрийг АНУ-д няхуур баримтжуулдаг бөгөөд харин резинэн сумтай буу эсвэл гэрэлт дуут гранат ашиглахдаа хууль сахиулагчид заавал тайлагнах албагүй байдаг, харин гагцхүү хүнд шархтай хүмүүс л эмнэлгийн тусламж авахаар ханддаг хэмээн тайлбарлажээ. Тиймээс энэ төрлийн зэвсэг хэрэглэсний улмаас хичнээн хүн хүнд хөнгөн гэмтсэн талаарх нарийн мэдээлэл байдаггүй аж.

 

Резинэн сум 

Резинэн сумыг анх 1968 онд Хойд Ирландад цагдаа болон Британийн арми ашиглаж эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш дэлхийн бараг бүхий л орнуудын хууль сахиулах байгууллагуудын зэвсэглэлд нэвтэрчээ. 

 

Гэхдээ "резинэн" гэж нэрлэгддэг ч тэр бүр резинээр хийх нь бага. АНУ-д энэ төрлийн зэвсгийг "кинетик цохилтот сум" гэж нэрлэгддэг бөгөөд мод, хатууруулсан хөөс, хуванцар, металл зүрхэвчгүй болон зүрхэвчтэй хатуу резинээр хийдэг аж. Энэ сумаар буудсаны дараа энгийн сумтай адил эхлэх хурдтай байх бөгөөд ойрын зайнаас буудсан үед нэн хүнд гэмтэл учруулах, тэр бүү хэл хөнөөх чадвартай байдаг гэнэ. 

 

"Хүмүүс резинэн сум гэхээр гэм хоргүй, хүүхдийн тоглоомтой харьцуулан боддог. Гэтэл үнэндээ тийм биш. Бидний хийсэн судалгаанаас үзэхэд резинэн сумыг ямар ч аюулгүй байдлаар ашиглах арга гэж байдаггүй" хэмээн Рохини Хаар өгүүлжээ.

 

Доктор Хаар болон "Эмч нар хүний эрхий төлөө" бүлгэм, "Иргэний эрхийг хамгаалах байгууллагуудын олон улсын сүлжээ"ний гишүүптйн хамтаар резинэн сум ашиглалттай холбоотой өөрсдийн судалгааг BMJ Open анагаах ухааны сэтгүүлд 2017 онд нийтлүүлж байжээ. Энэ судалгаанд дэлхий даяар эрдэмтдийн хийсэн 26 судалгааны дүн, резинэн сумнаас гэмтэж, шархадсан 1984 тохиолдлыг багтаажээ. Эдгээр тохиолдлуудаас 15 хувьд нь резинэн сумнаас үүдсэн гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон бол 3 хувь нь үхэлд хүргэсэн байна. Ийм сум нүд оновол 84 хувь нь хараагүй болж байжээ. Мөн хамгийн түгээмэл тохиолддог шарх нь дотуур цус алдалт, арьс гэмтэх, үе мөч хугарах явдал гэнэ.

 

Сүүлийн хэдхэн сарын хугацаанд резинэн сум ашигласны улмаас хүнд гэмтэл авсан талаарх мэдээллийг Америкийн хэвлэлүүд хэдэнтээ нийтэлж байв. Тэдгээрийн дунд сэтгүүлчид ч багтжээ. Тухайлбал Миннеаполисын эмх замбараагүй байдлын үеэр нэгэн сонины гэрэл зурагчний нүд резинэн суманд оногдсоны дараа хараагүй болсон бол Лос-Анжелес хотын сурвалжлагч хүзүүгээ гэмтээжээ. 

 

Гэрэлт, дуут гранат 

 

Үхэлд үл хүргэх гэгдэх энэ зэвсгийг мөн л АНУ-д хэрэглэдэг гэнэ. Дэлбэрсний дараа хурц өнгийн гэрэл цацруулж, маш чанга дуу гаргах бөгөөд дууны хүч нь 160-180 децибелд хүрдэг аж. 

 

Ийм хэмжээний дуу чимээ хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн ч хүний биед сөрөг нөлөөтэй гэж Америкийн хэл яриа, сонсголын холбоо үзжээ. Энэ төрлийн гранат дэлбэрсний улмаас үүдсэн дуу чимээнээс болж хүний хэнгэрэг хангарч, түр хугацаанд дүлийрч болзошгүй байдаг гэнэ. Мөн ийм зэвсэгт магни, аммонийн нитрат зэрэг пиротехникийн хольц ашигладаг тул хүмүүс түлэгдэх эрсдэлтэй аж. Тиймээс Хойд Каролинагийн Дээд шүүх гэрэлт дуут гранатыг "үй олноор хөнөөх, сүйдлэх зэвсэг" гэж хүлээн зөвшөөрч байжээ.

 

Нулимс асгаруулагч хий

 

Цагдаагийнхан ихээр ашигладаг нулимс асгаруулагч хий нь нүд, хамар, ам, уушги, арьсыг гэмтээдэг. Энэ хийний найрлагад багтах химийн нэгдлүүд нь олон улсын конвенцуудаар хориотой байдаг ч өнөө хэр дэлхий даяар ашигласаар байна.

 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нүдний торлог түлэгдэх, уушгинд химийн түлэгдэлт бий болох зэрэг гэмтлүүдээс гадна илүү хүнд сөрөг нөлөө ч дагуулж болзошгүй байдаг аж.

 

Беларусын эсэргүүцэл: Ажил хаялт даамжирч, Тихановская "Үндэсний лидер" болно гэв

Путин: Беларусын дотоодын нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн оролдлогууд гарч байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин