Өчигдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ коронавирусийн вакцины түр бүртгэлийг баталгаажуулав. Коронавирусийн халдвараас сэргийлэх дэлхийн анхны вакцин болсон энэ бэлдмэлийг "Спутник V" хэмээн нэрлэжээ.
Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн төвд боловсруулсан вакциныг 1957 онд ЗХУ хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр нэрлэжээ. Ийнхүү анхны хиймэл дагуул хөөргөсөн өдрийг хүн төрөлхтний сансрын эрин үеийн эхлэл гэж нэрлэдэг юм. Тиймдээ ч энэ үйл явдалтай жишин, дэлхий дахиныг түүчээлж байгаа гэсэн утгаар ийнхүү "Спутник" гэж нэрлэсэн байна.
Өмнө нь мэдээлж байсанчлан, эхний ээлжинд эмч, багш, ахмад настнууд гэсэн эрсдлийн бүлгийнхнийг вакцинжуулалтад хамруулах бол 10 дугаар сараас олон нийтийг дархлаажуулж эхлэх юм байна. Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакцинжуулалтын зардлыг төсвөөс гаргах бөгөөд энэ оны 12 дугаар сар гэхэд сард үйлдвэрлэх вакцины тунг 10 сая болгохоор төлөвлөж байгаа аж.
RG агентлагийн мэдээлснээр, дэлхий дахины вакцины тунгийн хэрэгцээ 3-5 тэрбум тун буюу мөнгөн дүнгээр 75 тэрбум гаруй ам.доллар болох гэнэ. Оросын үйлдвэрлэгчид энэ хэрэгцээний 1/4 хувийг хангах эрмэлзэлтэй байгаа бөгөөд 2021 оны сүүл гэхэд дэлхийн зах зээлд нэг тэрбум тун вакцин нийлүүлэхээр төлөвлөжээ.
Ведомости агентлагийн дамжуулснаар, вакцин хоёр жил хүртэлх хугацааны дархлаа суулгах гэнэ. Цэргийнхэн, сайн дурынхан төдийгүй Оросын Ерөнхийлөгчийн охин ч өөр дээрээ туршсан энэ вакциныг олон улс сонирхож байгаа талаар Оросын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Асар богино хугацаанд вакцин гарган авсан нь дэлхий дахины эргэлзээг төрүүлсэн бөгөөд тиймдээ ч өчигдөр вакциныг танилцуулах хэвлэлийн хурал дээр гадаадын хэвлэлийнхнийг урьж, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев англи хэл дээр мэдээлэл өгчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |