Наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомт дээр тэсрэх бодис дэлбэрсний улмаас тус хотын барилга байгууламжийн тал орчим хувь нь сүйтгэгдэн, 157 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ үйл явдалд эрх баригчдыг буруутган ливанчууд эсэргүүцлийн жагсаал хийн, улмаар энэ нь эмх замбараагүй байдал болон өрнөж байлаа. Эсэргүүцлийн ажиллагааг тухайн үед нь намжаасан ч ням гаригт Бейрутын төвд дахин мөргөлдөөн гарчээ. Эсэргүүцэгчид болон хүчний байгууллагынхны хооронд гарсан мөргөлдөөнийг намжаах үүднээс цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. Жагсагчид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг огцрох, ээлжит бус сонгууль явуулах, Бейрутын боомтод гарсан дэлбэрэлтийг үнэнч шударгаар мөрдөн шалгахыг шаарджээ.
Улс оронд нь нөхцөл байдал хурцадсаны улмаас Ливаны Байгаль орчны сайд Дамианос Каттар болон Мэдээллийн сайд Манал Абдель Самад нар сайн дураар огцорсон байна.
"Манай улсыг донсолгон, бидэнд уй гашуу авчирсан Бейрутын дэлбэрэлтээс үүдэлтэй сүйрлийн цар хүрээг харгалзан, түүнчлэн амиа алдсан хүмүүс болон шархдаж гэмтсэн хүмүүсийг хүндэтгэн, өөрчлөлтийг хүсч буй олон нийтийн хүсэл зоригийн хариуд би Засгийн газраас явж байна. Бидний хайртай Ливан хурдан тэнхэрч, эв нэгдэлтэй, тогтвортой, хөгжин цэцэглэхийг ерөөе!" хэмээн Ливаны Мэдээллийн сайд Манал Абдель Самад мэдэгдсэн байна.
Энэ зуур Бейрутын боомт дээр эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Наймдугаар сарын дөрөвний өдөр болсон дэлбэрэлтийн улмаас 157 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархдан, 300 мянга гаруй хүн орон гэргүй болсон бол олон арван хүн сураггүй болсонд тооцогдож байгаа юм.
Дэлбэрэлтийн улмаас Ливанд учирсан хохирол 15 тэрбум евро гэсэн урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд дэлхийн улс орнууд гар сунган тусалсаар байгаа аж.
Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав
Уншиж байна |