Наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомт дээр аюулт бодистой агуулах дэлбэрсний улмаас тус боомтын ойролцоох хорооллууд бүхэлдээ сүйрч, олон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дэлбэрэлтийн улмаас Бейрутын гурван эмнэлэг нурж, үлдсэн хоёрт нь шархадсан болон нуранган доороос аврагдсан хүмүүсээр дүүрчээ. Энэ хүнд нөхцөлд дэлхий нийт Ливанд гар сунган тусалж, энэ улсын ард түмнийг сэтгэл санаагаар дэмжиж байгаа бол хөрш зэргэлдээх Кипр улс Бейрутын дэлбэрэлтээс сургамж авч аммонийн нитратын нөөцөө устгасан байна.
Египетийн цац суваргууд болон Дубайн хамгийн өндөр цамхаг дээр Ливаны төрийн далбааг гэрэлтүүлэн, Ливаны ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн талаар бид мэдээлж байлаа. Гэхдээ зөвхөн билэг тэмдэг төдийгээр дэмжлэг үзүүлсэнгүй. Египет хээрийн эмнэлгүүдийг Бейрутад байгуулж, харин Арабын Нэгдсэн Эмират улс хүмүүнлэгийн ачаа тээвэрлэхэд зориулан онгоцуудаа үнэ төлбөргүй ашиглуулж байна. Ливанд хамгийн түрүүнд тусламжийн гар сунгасан орон нь Катар. Энэ улс агаарын гүүр нээж, түүгээр Ливан руу эм% эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан гурван онгоц хэдийнэ Ливан руу очжээ.
Энэ хүнд нөхцөлд Ливанд хүн хүч, тэр дундаа эмч нар илүүтэй хэрэгтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Ливаны эмнэлгийн бүх ажилтан дайчлагдсан ч мэргэжилтнүүд хангалтгүй байгаа гэнэ. Учир нь эмнэлгүүдэд олон мянган гэмтэж бэртсэн хүмүүсээр дүүрсэн бөгөөд хонгил, зориулалтын бус газарт ч мэс засал хийхээс аргагүйд хүрчээ. Бейрутын олон эмнэлэг дэлбэрэлтийн улмаас ажиллах боломжгүй болсны дээр одоо энэ хотод цахилгаан эрчим хүч байнга тасалдаж байгаа гэнэ. Телевизийн сувгуудаар цусны донор хэрэгтэй байгаа талаар байнга мэдээлж, оршин суугчдыг хүний амь нас аврахад туслахыг уриалж байгаа аж.
Ийм нөхцөлд Бейрут руу дэлхийн олон орноос мэргэжилтнүүд очин тусалж байна. Турк улс эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэжилтнүүд, хээрийн эмнэлгийн тоног төхөөрөмж төдийгүй эрэн хайх, аврах отряд илгээсэн бол Иран цэргийн эмч нараа, Европын холбоо 100 гаруй эмч илгээжээ.
Одоо хэргийн газарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэгийн бригадууд ажиллаж байна. Дэлхий дахиныг цочроосон эмгэнэлт явдлын дараа олон улс ийнхүү гар сунгаж байгаагийн дотор 2006 оны зэвсэгт сөргөлдөөнөөс хойш дипломат харилцаагаа тасалсан, хил орчмоор нь өнөөг хүртэл мөргөлдөөн үргэлжилж байгаа Израиль улс ч багтжээ. Хүнд нөхцөлд дайсан нь хүртэл гар сунгасан нь энэ.
Дэлбэрэлтийн дараагаас эхэлсэн эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсэрээ байна. Дэлбэрэлтийн голомтоос хэдэн километр радиуст байрлах байшин барилгууд бараг л газрын хөрснөөс арчигдсан бөгөөд нуранган дор хүмүүс байх магадлал өндөр байгаа гэнэ. Сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад олон зуун хүн багтаж, хэргийн газар дээр одоог хүртэл дөл уугиж байгаа гэх.
Мөрдөн шалгалт үргэлжилж байна
Энэ зуур Ливаны эрх баригчид хэргийн мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж байна. Аммонийн нитрат болох онц аюултай ачааг Молдавын далбаатай хөлөг онгоц 2013 онд Гүржээс Мозамбик руу тээвэрлэжээ. Энэ хөлөг онгоц Бейрутад ирэхээр төлөвлөөгүй байсан ч энэ боомт дээр ирж зогссон байна. Ингээд боомтын захиргаа хөлөг онгоц техникийн зөрчилтэй байсан тул саатуулжээ.
Энэ хооронд цалингаа аваагүй байсан хөлөг онгоцны багийн гишүүд зарга үүсгэж, улмаар хөлөг онгоцны эзэмшигч, Оросын иргэн өрөө дарахын тулд онгоцоо зарна гэж тухайн үед мэдээлж байжээ. Одоо түүнийг Киприйн аюудгүй байдлын албаныхан эрэн сурвалжилж байгаа гэнэ.
Онгоцон дээр тээвэрлэгдэж явсан гурван мянган тонн орчим аммонийн нитратыг 2014 онд Бейрутын боомтын агуулахад буулгажээ. Энэ ачааг боловсруулах эсвэл устгалд оруулах шаардлагатай талаарх яриа байнга л гарч байж. Тэр дундаа гаалийн дарга ийм хүсэлтийг эрх баригчиддаа зургаан удаа тавьж байсан гэнэ. Хамгийн сүүүлд, эмгэнэлт явдал гарахаас дөрвөн сарын өмнө хүсэлт гаргаж байжээ. Гэтэл аюултай ачааг хэрхэхийг зургаан жилийн туршид яагаад шийдсэнгүй вэ гэх асуулт мөрдөн шалгалтын гол асуултуудын нэг хэвээр байна.
Кипр сургамж авав
Наймдугаар сарын дөрөвний өдөр Бейрутын боомтод гарсан дэлбэрэлт ойр орчмын барилга байшинг бүхэлд нь сүйтгээд зогсохгүй, хөрш зэргэлдээх Кипр улсад ч чичиргээ нь мэдрэгдсэн тийм хүчтэй байсан гэх.
Улмаар Кипр улс энэ явдлаас сургамж аван, аммонийн нитратын нөөцийг устгасан талаар Вести агентлаг мэдээлжээ. Энэ аюултай бодисыг мөн л таван жилийн өмнө тусгай ажиллагааны үеэр хураасан бөгөөд найман тонн аммонийн нитрат хадгалагдаж байсан гэнэ.Олон жилийн хугацаанд агуулахад хадгалагдаж байсан аюулт бодисыг Киприйн нийслэлээс холгүй орших тусгай талбайд устгажээ.
Бейрут: Амиа алдсан хүний тоо 100-д хүрэв
Г.Бямбасүрэн
Уншиж байна |