Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны уугуул иргэд амралтын газруудад шахагдаж, аялагчдын хөлд дарагдаж, амьдрах газаргүй болсон тухай ӨМНӨ НЬ асуудал дэвшүүлсэн. Нутгийн иргэд газрын гэрчилгээгээ авч, хэзээ хөөгдөх бол гэх айдасгүй амьдрахыг хүсдэг ч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд тэдний хүсэлт гацдаг тухай учирласан. Үүнд хариулт хайж тус газрын дарга Х.Идэртэй уулзаж ярилцлаа.
-Жанхай орчимд өнөөдрийн байдлаар хичнээн амралтын газар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-БОАЖЯ-наас олгосон зөвшөөрөлтэй, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 140 гаруй бааз байна. Мөн нуурын урд хэсэгт 20-иод бааз байгаа. Манай байгууллага 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1 сая 200 метр квадрат тусгай хамгаалалттай газар, нутгаа хамгаалан ажиллаж байна.
-Ариун цэврийн болон онцгой хамгаалалттай бүст, нуурын эргээс 100 метрийн дотор байрлалтай амралтын газрууд ч байна. Эдгээрт ямар шаардлага тавьж ажиллаж байгаа вэ?
-Жанхай нэгэнт суурьшлын бүс, тосгон болчихлоо. Энд анхнаасаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийгдэлгүй газар олгосон нь маш буруу үйл ажиллагаа болсон. Харин Засгийн газрын 2019 оны наймдугаар сард гарсан шийдвэрээр эко аялал жуулчлалын бүс болгож байгаатай холбоотойгоор албан шаардлага хүргүүлж эхэлсэн. Жуулчны баазуудын 98 хувь нь бохироо соруулдаг болсон. Бидний ажилд хамгийн их хүндрэл учруулж байгаа хүмүүс бол Жанхайн нутгийн иргэд. Нөхцөл байдал хүнд байна. Олон удаа мэдэгдэл шаардлага хүргүүллээ. Зарим үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Өнгөрсөн хавар 10-аад зөвшөөрөлгүй газрын хашааг албан мэдэгдэл хүргүүлж буулгасан.
-Үе удмаараа Жанхайд амьдарч ирсэн. Нүүе гэхэд очих газаргүй хоёр буурал хэзээ хөөгдөх бол гэж эмээж сууна. Тэднийг нүүлгэх үү?
-Үе удмаараа байсан. Өвөг дээдэс маань амьдарч ирсэн гэдэг. Үнэхээр олон жил амьдарч ирсэн уугуул иргэд бий. Тэдэнд намраас коридор гаргаж өгнө. Малчдаа хаана байршуулах вэ гэдгийг шийднэ. Үйл ажиллагаа явуулъя гэсэн нутгийн хүмүүсийг ч дэмжээд явж байгаа. Гэтэл олон жил байсан гэдэг шалтгаанаар газраа заалгаж авчихаад цааш нь зарчихдаг, газрын наймаа хийх асуудал нэлээдгүй гарсан. Нутгийн бүх иргэдийг буруутгахгүй. Зарим хүмүүс 10-20 сая төгрөгөөр Улаанбаатараас хүн дагуулж очиж газраа зарчихдаг нөхцөл байдал үүссэн. Жанхайн иргэдийн 40 хувь нь газраа зарсан байна. Тиймээс Жанхай орчимд дахиж нэмж газар олгохгүй, хугацаа дуусч байгаа газруудын эрхийг сунгахгүй байх чиглэл барьж ажиллаж байгаа. Хууль бусаар хашаа татаж авсан, байшин барьсан хүмүүстэй тууштай тэмцэж байна. Өнөөдөр хууль хэрэгжих цаг болсон. Бид хуулийн байгууллагатай хамтарч, хуулийн хүрээнд л ажлаа хийнэ.
-Уугуул иргэдийн нутагтаа үлдэх ганц боломж нь газрын гэрчилгээ юм билээ. Энэ гэрчилгээг гаргуулж авах хүсэлт БОАЖЯ-нд очилгүй танайд гацдаг гэдгийг хэлж байна. Үүнд та тайлбар хэлэхгүй юу?
-Нутгийн иргэд гар GPS-ээр кадастрын зураг авахуулдаг. Энэ GPS алдаа заадаг. Хувийн байгууллагаар ийм кадастр хийлгэчихээд манай газар гээд ойлгочихдог. Үүнийгээ барьж ирээд одоо гэрчилгээгээ авна гэдэг. Бидэнд газар олгох эрхзүйн үндэс байхгүй. Экологийн бүс болж байгаа учраас шинээр дэмжих санал авахгүй гэдэг Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоол гарчихаад байхад би дэмжих санал яам руу явуулбал нутгийнхантайгаа ашиг сонирхлын зөрчилтэй болоод явчихна. “Идэр та юу дэмжээд оруулаад ирэв” гэнэ. Тиймээс дэмжих бичиг явуулах ямар ч боломжгүй болж байгаа юм. Үнэндээ хүн бүр амралтын газартай болох хүсэлтэй. Жуулчны бааз байгуулах бизнес төсөл маш их ирдэг. Би хэнд ч зөвшөөрөл олгохгүй нам гүрийгээд л сууж байна. Нутгийн иргэд хэцүү шүү дээ. Газар өгсөнгүй гээд гэр бүл рүү минь дайрсан асуудал ч гарсан. Гэхдээ надад айж эмээх юм алга. Ойн сан дотор байшин барьчихсан, өөрөө хууль бус юм хийгээд байгаа хэр нь биднээс хууль шаардаад байгаа хүн ч бий. Бид энэ байшинг буулгана.
Нутгийн иргэдийн гэрчилгээ Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газарт гацдаг гэх асуудалд Х.Идэр дарга ингэж хариуллаа. Хатгал тосгоны иргэн Х.Сандардорж гуайн “Хэзээ хөөгдөх бол” гэсэн айдаст ч “Хууль хэрэгжих цаг болсон. Хуулийн дагуу ажлаа явуулна” гэдгийг хэлж байна.
Хөвсгөл далайг тойрсон асуудал дуусаагүй. Үргэлжлүүлэн далайн бохирдлын асуудлыг хөндөнө. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
Үргэлжлэл бий...
Г.Сүрэн