Трампын үеэлийн дурдатгал: "Манай гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг төрүүлсэн нь"
2020-06-18


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үеэл Мэри ахынхаа амьдралыг дэлгэсэн дурдатгал ном бичсэн бөгөөд үүнийгээ хэвлүүлэхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл өмнө нь дэлхийн хэвлэлүүдээр гарч байсан. Мэри гэж хэн болох, чухам яагаад одоо гэнэт гарч ирэх болсон шалтгааны талаар ВВС мэдээлжээ.

Америкийн Simon & Schuster хэвлэлийн газрын мэдэгдсэнээр "Too Much And Never Enough: How My Family Created the World's Most Dangerous Man буюу "Дэндүү их ба үргэлж бага: Манай гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг төрүүлсэн нь" нэртэй ном долдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд хүрэхээр болжээ.

 

Ингэснээр Трампын тухай дурсамж ном Дональд Трампыг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвшүүлэх Бүгд Найрамдах Намын үндэсний чуулган болохоос хэдэн долоо хоногийн өмнө олны хүртээл болно гэсэн үг юм.

 

Номын тухайд

Номын зохиогч Мэри Трамп бол Ерөнхийлөгч Дональд Трампын ах, 1981 онд 42 настайдаа нас барсан Фред Трампын охин аж. 

 

Мэри Трамп "найрын ширээ болон гэр бүлийн цугларалт, арга хэмжээнүүдэд биечлэн оролцож байсны хувьд" өөрийн ажиглалтуудыг багцлан номондоо шингээсэн гэжээ. Харин энэ номонд Трампынхны гэр бүлийн нууцыг хэр гүн гүнзгий, дэлгэрэнгүй оруулсан талаар одоогоор нууцалж байгаа гэнэ.

 

Гэхдээ энэ ном "аймшигтай гэр бүлийн сэтгэлийн шарх, хүүхдүүдийг хайрлаж халамжилж байгаагүй, хэрцгий , зохисгүй хандаж" байсныг гэрчилнэ гэж хэвлэлийн газар мэдэгдсэн байна. Тэр дундаа Ерөнхийлөгчийн эгч, Мэриэнн Трампын "хав дарж байсан санаа бодлыг тусгана" гэжээ.

 

Түүнчлэн Нью-Йорк Таймс сонин эрэн сурвалжлах нийтлэл гаргахад Мэри Трамп авга ах Дональд Трампынхаа санхүүгийн мэдээллүүдийг өгч байсан бөгөөд эдгээр нууц баримтууд номонд багтах гэнэ. Энэ материалд Ерөнхийлөгч татвараас нуугдах луйврын схемд оролцон, эцгийнхээ бизнесээс 400 гаруй сая доллар авсан тухай өгүүлдэг аж. Энэ талаар өгүүлсэн эрэн сурвалжлах нийтлэл 2018 онд Пулитцерийн шагнал хүртэж байжээ. 

 

Харин Амазон сайт дээр шинэ номны товч танилцуулга хэсэгт "зохиогчийн авга ах хэрхэн өнөөдөр дэлхий нийт, эдийн засгийн аюулгүй байдал болон нийгмийн бүтцэд бүхэлд нь аюул учруулахуйц хүн болсон" талаар өгүүлнэ хэмээсэн байна. 

 

Мөн номонд Дональд Трамп аав нь альцгеймерийн өвчинтэй болсон  үед аавыгаа хэрхэн дорд үздэг байсан талаар өгүүлэх гэнэ. Номын зохиогч Мэри Трампын эцгийн тухайд гэвэл тэрбээр бүхий л насаараа архинд донтсон нэгэн байсан бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн зүрхний шигдээсээр нас баржээ.

 

Ахынхаа энэ хорт зуршлын талаар Ерөнхийлөгч Трамп Америкт хар тамхинаас хамааралтай байдал өсч байгааг таслан зогсоох санаачилга гаргахдаа ярьж байлаа. Мөн 2019 онд Вашингтон Пост сонинд ярилцлага өгөхдөө ах нь нисгэгч болох мөрөөдөлтэй байхад нь гэр бүлийнхээ бизнест татан оролцуулсандаа харамсч явдаг гэдгээ илэрхийлж байв.

 

Үеэл, авга ахын хоорондын дайсагнал хэрхэн үүсэв?

 

Авга ах нь Ерөнхийлөгч болоогүй байх үед 55 настай Мэри Трамп ихэвчлэн олны өмнө гарахаас зайлсхийж, зарим үед авга ахыгаа шүүмжилсэн байр суурь илэрхийлдэг байжээ.

 

Дональд болон Мэригийн хоорондын дайсагнал одоогоос 20 жилийн тэртээ 2000 оноос эхэлсэн байна. Тухайн үед Мэри ах гуравдугаар Фрэдийн хамт эцгийнхээ ах, эгч нарыг өвөө болох том Фред Трампаас үлдсэн өв хөрөнгөтэй холбоотойгоор шүүхэд өгч байжээ. 

 

Тэд нэхэмжлэлдээ 1991 онд өвөөгийнх нь бичсэн гэрээслэлд Дональд Трамп болон түүний ах, эгч нар хууран мэхлэх замаар нөлөөлж, өөрсөддөө ашигтай гэрээслэл бичүүлсэн, учир нь тэр үед өвөө нь ой ухаанаа алдах өвчинтэй байсан хэмээн мэдүүлсэн байна.  Тухайн үед Мэри сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ авга ах, эгч нь өөрсдийнхөө үйлдлийн төлөө ичих хэрэгтэй хэмээж байжээ.

 

Мэри Трамп гэж хэн бэ?

 

Мэри Лия Трамп 1965 оны тавдугаар сард төрсөн, Нью-Йоркийн Лонг-Айлендад амьдардаг аж. Форбс сэтгүүлийн мэдээлснээр, тэрбээр Массучетсийн их сургуульд английн утга зохиол чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн, мөн Колумбын их сургуульд мэргэжлээрээ магистрын диплом хамгаалсан гэнэ. Түүнчлэн Адельфийн их сургуульд клиникийн сэтгэл судлалаар дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

 

Тэрбээр LinkedIn сүлжээнд өөрийгөө хувь хүний хөгжлийн мэргэшсэн зааварлагч гэж танилцуулсан бөгөөд 2012 онд Нью-Йорк хотноо "Трамп Коучин Груп" хэмээх лайф-коучийн фирм байгуулж байсан аж.

 

Мөн Твиттер хуудсанд авга ахыгаа хэдэнтээ шүүмжилж байсны дээр 2016 онд Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдөр "Энэ бол миний амьдрал дахь хамгийн таагүй өдрүүдийн нэг" хэмээн жиргэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ийм нэг хошуугаа худалдагчид гарч ирэх нь тодорхой хаа ч байдаг л асуудал өөрөөр өмьдарч чадахгүй юм чинь
2020-06-18
hi:
ер нь бол гарчиг нь зөв байх шиг яаж л бол яаж самрах хүн шиг санагддаг одоогийн америкийн ерөнхийлөгч
2020-06-18
хөрөнгийн маргаан. худлаа хүний эрх яригчид
2020-06-18
Цаад утга нь харилцааны эмзэг хэсэг мөн хөрөнгөө өвлүүлэн эзэмшсэн будилаантай холбоотой бололтой. Хүн аятайхан харилцаатай байх чухал. хөрөнгө хүнийг эвдэнэ.
2020-06-18
Зочин:
Хуурамч ардчилагчид сонгуульд дахин ялчихна гэхээс айсан бололтой
2020-06-18