Өнгөрсөн даваа гаригт өнгөт арьст эрийг цагдаагийнхан баривчлах үеэрээ газар хэвтүүлэн, хүзүүн дээр нь өвдөглөн дарсны улмаас баривчлагдсан эрийн амьсгал боогдон, улмаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цагаан арьст цагдаагийн гарт өнгөт арьст эр амиа алдсан нь оршин суугчдын эсэргүүцлийг өдөөж, улмаар Миннесота мужийн Миннеаполис хотод эмх замбараагүй байдал бий болсон юм.
АНУ: Өнгөт арьстан VS цагаан арьст цагдаа буюу Фергюсоны хэрэг давтагдах уу?
Цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсан өнгөт арьст Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүцлийн жагсаал АНУ-ын бусад хотуудад ч өрнөж эхлэв. Тухайлбал, Охайо мужийн нийслэл Колумбус хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ хотод 400 орчим хүн хотын төв уулзваруудын нэгийг хааж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Жагсагчид байшин барилгын шил цонхыг хагалж, улмаар цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Аризона мужийн нийслэл Феникс хотод "Арьсны өнгө цаазын ял болох ёсгүй", "Чимээгүй суух нь хүчирхийлэл" гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан тайван жагсаал болсон байна. Гэвч тэднийг тарахыг шаардахад жагсагчид янз бүрийн зүйлсийг цагдаагийнхан руу шидэж, улмаар хууль сахиулагчид резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ.
Кентукки мужийн Луисвилл хотод энэ оны гуравдугаар сард гэрийнх нь хаалгыг эвдэж орсон цагдаад буудуулж амиа алдсан өнгөт арьст эмэгтэй Бреонна Тэйлорын үхэлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгахыг шаардсан байна. Энэ жагсаал эмх замбараагүй байдалд шилжин, улмаар буудалцаан болж, долоо хүн шархадсанаас нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа талаар АВС мэдээлжээ.
Харин Колорадо мужийн нийслэл Денвер хотод тавдугаар сарын 28-ны өдөр эсэргүүцэгчид хотыг бүрхэн, Жорж Флойдын хэргийг үнэн мөнөөр шийдэхийг шаардсан бөгөөд эсэргүүцэл мөн л эмх замбараагүй байдалд шилжин, цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна.
Манхэттэнд цагдаагийнхны дураараа авирлахыг зогсоохыг шаардсан жагсаал болсон бөгөөд хүмүүсийн ихэнх нь коронавирусээс хамгаалахын тулд гаргасан журмыг зөрчин амны хаалт зүүгээгүй байсан гэнэ. Түүнчлэн мөн л цагдаагийнхантай мөргөлдөж, 30 орчим хүнийг баривчилжээ.
Харин Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдал Миннеаполист тавдугаар сарын 25-наас эхлэн үргэлжилж байгаа бөгөөд улмаар энэ хотод хөл хорих цаг тогтоосоон байна. Хотод Үндэсний гвардын хэлтэсүүд эргүүл хийж байгаа юм. Энэ хотод, тавдугаар сарын 29-ний өдөр Миннесота мужийн Үндэсний гвардын 500 гаруй алба хаагч ирсэн бөгөөд банк, хүнсний дэлгүүрүүд, эмийн сангуудын орчим эргүүлж хийж байгаа талаар CNN мэдээлжээ.
"Бидний зорилго бол хувийн өмч болон тайван жагсаал хийх эрх, иргэдийн амь насыг хамгаалах явдал" гэж Миннесотагийн үндэсний гвардын твиттер хуудсанд бичсэн байна. Түүнчлэн хий дамжуулах гэмтсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсны улмаас дэлбэрэлт гарах аюултай тул иргэдийг сэрэмжтэй байхыг хотын эрх баригчид анхааруулжээ.
Тавдугаар сарын 25-наас эхэлсэн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, иргэд олноор дэлгүүр дээрэмдэн, машин шатааж, хаа сайгүй эвдлэн сүйтгэж байгаа гэнэ. Энэ тэмцлийн ажиллагааны үеэр өөр нэгэн хүн амиа алджээ.
Тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө хүмүүс мөн л дэлгүүр тонож, машин шатаахын дээр цагдаагийн хэсгийн байрыг галдан шатаасан байна.
Г.Бямбасүрэн