ВИДЕО: Эмч нарт талархал илэрхийлж, агаарын шоу зохион байгуулжээ
2020-04-29

Америкийн Агаарын цэргийн хүчний "Blue angels" болон "Thunderbirds" нисэх багийнхан COVID-19 вирусийн тархалттай тэмцэж буй хүмүүст хүндэтгэл үзүүлэн Нью-Йоркийн тэнгэрт агаарын шоу зохион байгуулжээ. Энэ талаар  NBC агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, агаарын шоу 40 минут үргэлжилжээ. Энэ арга хэмжээгээр нисгэгчид халдвартай тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлсэн байна. Шоунд оролцсон онгоцнууд Манхэттэн, Лонг-Айленд, Нью-Жерси дээгүүр ниссэн бөгөөд "Хүчтэй Америк ажиллагаа" хэмээн арга хэмжээг нэрлэсэн байна. 

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 23-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд мэдэгдэл хийхдээ агаарын шоу зохион байгуулж, цар тахалтай тэмцэж буй хүмүүст талархал илэрхийлнэ хэмээн онцолж байлаа. Тэрбээр энэ шоуг АНУ-ын томоохон хотууд болон COVID-19 вирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн хотуудад зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Дашрамд дуулгахад, "Blue angels"  нисэх баг 1946 онд байгуулагдаж байсан. Энэ багийнхан F/A-18 "Хорнет" сөнөөгч-бөмбөгдөгч онгоцоор уран нислэгийн үзүүлбэр үзүүлдэг. Тэнгэр цэлмэг үед 2400 метрээс ихгүй өндөрт харин бүрхэг өдөр 460 метрээс бага өндөрт нисдэг юм байна. Багийн онгоцнуудыг шаардлагатай тохиолдолд 72 цагийн дотор цэргийн үйл ажиллагаанд оролцоход бэлэн байхаар бэлтгэгдсэн байдаг аж. 

 

"Thunderbirds" нисэх баг 1953 онд байгуулагдсан, жил бүр 80 гаруй үзүүлбэр үзүүлдэг юм байна. Нисгэгчид тийрэлтэт онгоцуудаар багийн болон ганцаарчилсан уран нислэгийн үзүүлбэр үзүүлдэг бөгөөд дээрх багийн адил мөн л шаардлагатай тохиолдолд байлдааны даалгавар биелүүлэх шуурхай сөнөөгчдийн хэлтэст харьяалагдахаар бэлтгэгдсэн байдаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин