Сүүлийн өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг өвдсөн, мэс засалд орсон, тэр бүү хэл нас барсан хэмээн төрөл бүрий таамаг дэвшүүлэн мэдээлсээр байна.
Харин ням гаригаас эхлэн холбогдох эх сурвалжууд дээрх мэдээллүүдийг няцааж эхэлсэн юм. Тухайлбал БНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ким Жон Уныг амьд, мэнд, Вонсанд байгаа хэмээн мэдэгдсэн бол Хойд Солонгосын "Нодон синмун" агентлаг удирдагчаа барилгачдад талархал илгээсэн хэмээн дамжуулсан юм.
Үүний араас, ОХУ дахь БНАСАУ-ын Элчин сайдын яам Ким Жон Унтай холбоотой мэдэгдэл гарган ТАСС агентлагд илгээсэн байна.
Мэдэгдэлд, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун "дэлхий дахинаа хямрал нүүрлэсэн энэ үед ард иргэддээ итгэл найдвар, өөдрөг үзлийг бэлэглэж байгаа" хэмээн онцолжээ.
"Өнөөгийн болон ирээдүйн хувь тавилангийн төлөөх түгшүүрээс үүдэлтэй хямралд дэлхий өртөж байна. Гэхдээ хүмүүст итгэл найдвар, өөдрөг үзлийг бэлэглэдэг гайхамшигт удирдагч бий. Энэ бол БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун мөн. Ард түмнийхээ зүгээс гүн гүнзгий итгэл, хүндэтгэлийг хүлээсэн энэ хүн хилийн чанадад ч, тэр бүү хэл дайсагнасан улс орнууддаа ч Дэлхий хүн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн" хэмээн Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намыг даргалсны дөрвөн жилийн ойд зориулсан мэдэгдэлд онцолжээ.
Мөн энэ мэдэгдэлд, чухамхүү Ким Жон Уны гавьяагаар БНАСАУ АНУ, Өмнөд Солонгос, Орос хоорондын хэлэлцээ идэвхэжсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
"Чухамхүү тэрбээр Солонгос хоорондын, Солонгос-Америк, Солонгос-хятад, Солонгос-Оросын харилцааны түүхэн дэх шинэ хуудсуудыг бичиж байна. Түүний өөрийн итгэл үнэмшил, зоригтой шийдвэрүүд, харилцааны өгөөмөр сэтгэл, дипломат уран арга, хувь хүний өндөр ёс суртахуун нь хүн бүрийн зүрхийг эзэмддэг" хэмээн БНАСАУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд онцолсон байна.
Ийнхүү Орос дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамныхан Ким Жон Уны биеийн байдалтай холбоотой мэдээллийг шууд няцаагаагүй ч дээрх мэдэгдлээрээ удирдагчаа амьд мэнд байгааг илэрхийлжээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт олон улсын зарим хэвлэлээр Ким Жон Уны биеийн байдлын талаарх мэдээлэл гарсан бол зарим нь мэс заслын дараах хүндрэлийг даалгүй нас барсан хэмээн мэдээлж байлаа.
Ийм мэдээлэл гарах болсон нь Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын Хөдөлмөрийн намын дотоод бодлогын асуудал эрхэлсэн улс төрийн товчооны хурлыг даргалснаас хойш олон нийтийн өмнө гараагүйтэй холбоотой.
Мөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Ардын дээд хурлын жил бүрийн чуулган, мөн Нарны баярт анх удаа оролцоогүй юм. Энэ баяр нь дөрөвдүгээр сарын 15-нд болдог бөгөөд түүний өвөө Ким Ир Сений төрсөн өдрийг хойд солонгосчууд ийнхүү үндэсний баяр болгон тэмдэглэдэг аж.
БНСУ: Ким Жон Уны бие сайн байгаа
Г.Бямбасүрэн