Өнгөрсөн өдрүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг зүрхний хагалгаанд орсон, ороогүй гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр тархав.
Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн олны өмнө гараагүй гэх бөгөөд харин Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүнийг зүрхний хагалгаанд орсон, биеийн байдал хүнд байгаа гэж мэдээлсэн юм. Харин энэ мэдээллийг Өмнөд Солонгосын эрх баригчид няцааж байв.
Энэ бол Ким Жон Уны эрүүл мэндийн талаар гарсан анхны цуурхал биш, өмнөх цуурхлууд ч бүгд л няцаагдаж байлаа.
Дээрх мэдээлэл гарсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын 36 настай удирдагч хүнд өвдсөн гэх ямар ч шинж тэмдэг гараагүй хэмээн онцолсон юм.
Цуу хэзээ тархав ?
Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ким Жон Ун БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сенийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх баярт оролцоогүй аж. Энэ бол тус улсын гол баяруудын нэг.
Ким Жон Ун өмнө нь нэг ч удаа энэ баярыг алгасч байгаагүй, Хойд Солонгосын удирдагч энэ ёслолыг зүгээр л алгасаад өнгөрчихнө гэж баймгүй мэт олон хүнд санагдсан хэрэг. Ингээд л түүнийг өвдсөн тухай цуу яриа гарав, энэ нь гэхдээ батлагдахад тун хэцүү.
Ким Жон Ун хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр мэдээгээр гарчээ. Энэ мэдээгээр түүнийг цохилтот нисэх хүчний бүлэгт зөвлөмж өгсөн гэж дамжуулсан ч үйл явдлын огноог зарлаагүй аж. Гэрэл зургууд дээр Ким Жон Ун урьдын адил л харагдана.
Түүнчлэн энэ үйл явдлаас нэг өдрийн өмнө улс төрийн хурлыг даргалсан гэж Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд гэхдээ түүнээс хойш олон нийт түүнийг харсангүй.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д цөмийн хошуу туршсан бөгөөд пуужин хөөргөхөд Ким Жон Ун байнга оролцдог ч энэ удаад түүнийг туршилтыг удирдсан талаар мэдээлэл гараагүй байна.
Өвчний талаарх мэдээллүүд
Ким Жон Ун өвдсөн талаарх анхны сураг мягмар гаригт, БНАСАУ-аас дүрвэсэн хүмүүсийн хөтлөн явуулдаг мэдээллийн сайт дээр гарчээ. Өөр нэгэн эх сурвалж Daily NK сайтад Хойд Солонгосын тэргүүн зүрх судасны өвчинтэй, мөн Пэктусан ууланд хэдэнтээ гарсны дараа биеийн байдал нь муудсан гэж ярьсан байна.
Ганц л эх сурвалжтай энэ мэдээг цаашлаад олон агентлаг, олон улсын хэвлэлүүд ч түгээв. Үүний дараа энэ мэдээллийг Өмнөд Солонгос болон АНУ-ын тагнуулын албад шалгаж байгаа гэх мэдээлэл гарлаа.
Араас нь залгаад, БНАСАУ-ын тэргүүн зүрхний хагалгаанд орсны дараа биеийн байдал нь хүнд байгаа гэсэн гарчиг бүхий мэдээллүүд Америкийн хэвлэлүүдээр гарч эхлэв.
Гэхдээ Өмнөд Солонгосын Засгийн газар энэ мэдээллийг няцаасан бөгөөд Ройтерс агентлаг Хятадын тагнуулаас эх сурвалж авсан гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Гэхдээ одоогоор зүрхний хагалгааны талаар хэн ч няцаагаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Бээжин болон Сөүл Хойд Солонгосын тэргүүнийг хүнд өвдсөн гэсэн мэдээллийг л няцааж байгаа юм.
Ким өмнө нь ч "алга болж" байв
2014 онд Ким Жон Ун 40 хоног "алга болж", улмаар төрөл бүрийн цуурхал дэгдэж байлаа. Тэр бүү хэл төрийн эргэлт гарч, Кимийг түлхэн унагаасан гэх мэдээлэл ч гарч байсан юм.
Ким дахин олны өмнө гарч ирэв, гэхдээ таяг тулаад. Тухайн үед Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд удирдагч нь "биеийн байдал таагүй" байгаа гэж хүлээн зөвшөөрсөн ч хөлний өвчний талаар нэг ч үг цухуйлгаагүй юм.
Г.Бямбасүрэн