Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.
“Хүүхэд чинь том болоод үнэнийг мэдвэл та тэр үед юу гэж хариулах вэ” гэсэн шүүгчийн асуултад бүсгүй хариулж чадсангүй.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32-ын автобусны буудлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр хоёр настай эмэгтэй хүүхэд олдсон. Улмаар хүүхдийн эцэг эхийг эрэн хайж байгаа тухай мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс олон нийтэд түгээсэн. Үүнээс 20 гаруй хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр охины асран хамгаалагчдыг олсон, хүүхдийг эмээд нь хүлээлгэн өгсөн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Энэ хэргийн буруутан, охиноо түргэн үйлчилгээний цэгт /ТҮЦ/ үлдээж одсон ээжийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр /2020.04.07/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Чихэндээ шаргал ээмэг зүүсэн, гялгар ботинк, гар цүнх барьсан, хүн харахад хүүхдээ хаячих сэтгэлгүй л байрын 30 гаруй насны эмэгтэй шүүх хуралд оролцохоор ээжийгээ хань татаж иржээ. Харин хохирогчийн буюу ээждээ хаягдсан бяцхан охины эрхийг хамгаалахаар Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн ирсэн байна. Шүүх хурал эхэллээ.
Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Улаанбаатар хотын харьяат, 38 настай, бүрэн дунд боловсролтой шүүгдэгч эмэгтэй 2019.11.29-ний өдөр согтуурсан үедээ хоёр нас, 1 сартай охиноо тэврэн автобусаар зорчиж явахад нь өөр нэгэн бүсгүй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс охиныг ээжээс нь авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхийг хүсчээ.
Энэ тухай шүүгдэгч эмэгтэй “Би согтуу ч гэсэн ухаантай байсан. Тиймээс тэр эмэгтэйгээс хүүхдээ авах гээд “Миний хүүхдийг өгчих, би аюулгүй харина” гэж их гуйсан. ТҮЦ-ийн худалдагч ч үүнийг гэрчилсэн байна лээ. Тэгтэл тэр эмэгтэй согтуу чамд хүүхдийг чинь өгөхгүй. Одоо чамайг цагдаа дуудаж бариулна гээд 108-руу залгахаар нь би айгаад явчихсан юм. Тэр үед хажууд байсан хүмүүсээс цагдаад өгчихөөр торгууль төлөх болов уу гэж асуухад нэлээн их хэмжээний мөнгө төлж байж хүүхдээ авна. Чамайг хорьж ч магадгүй гэсэн. Би ажил олж хийгээд мөнгөтэй болж ирээд хүүхдээ авья гэж бодсон” гэж ярив.
Харин охиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн, иргэний үүргээ биелүүлсэн эмэгтэй “Эргээд хартал ээж нь алга болчихсон байсан” гэж мэдүүлжээ. Цагдаагийн байгууллагаас сар гаруйн хугацаанд эрэн хайх ажиллагааг явуулснаар хүүхдийн асран хамгаалагчийг олж тогтоон түр хамгаалах байрнаас 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр эмээд нь хүлээлгэн өгчээ.
Тухайн үед согтуу байсан тул хариуцлагаас айгаад зугтсан гэх эмэгтэй харин маргааш нь эрүүл саруул ухаантай болоод ээжийгээ хайн танихгүй хүмүүс дунд бүлтгэнээд үлдсэн бяцхан үрдээ санаа зовсон болов уу? Шүүгчийн энэ асуултад бүсгүй “Бодохоор барах уу, хэцүү л байсан шт” гэж хариулав.
Тэгвэл хүүхдээ орхиод явсан өдрөөс хойш 20 гаруй хоногт бүсгүй хаагуур юу хийв?
Охиноо орхиод явчихсан талаараа эцэгт нь, өөрийн ээждээ ч хэлээгүй. Танилынхаараа хоног төөрүүлж явсаар байрны СӨХ-д жижүүрийн ажилд оржээ. Нэг өдөр хүний утсаар фэйсбүүк ороод охиных нь зурагтай “эцэг эхийг нь эрэн сурвалжилж байна” гэсэн зарлалыг олж харсан гэнэ. Улмаар ээж рүүгээ залгаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдээ авахаар очсон гэж шүүхийн өмнө мэдүүлэв.
Бүсгүй дөрвөн хүүхэдтэй. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан ч одоогоор ээжийндээ хүүхдүүдийн хамт амьдарч буй. “Би дахиж нөхөртэйгээ амьдрахгүй. Тэрэнтэй цуг байхаар уучихаад байдаг юм. Тийшээ эргэж очихгүй гээд шийдчихсэн байгаа. Охиноо орхиж явдаг өдөр гэртээ очтол гэрийг маань буулгаад хураачихсан байхаар нь сэтгэл гутраад пиво уусан” гэж архинд хамаг бурууг өгөх гэж бүсгүй оролдвол шүүгч түүнд “Амьдрал баян шүү дээ. Дахиад гуньж гутрах асуудал гарахад үр хүүхдээ дахиад хаяаад явах уу” гэсэнд “Дахиж л архи уухаа больё” гээд толгой сэгсрэв.
Энэ бүхнийг шүүх танхимын араас ажиглаж суусан 59 настай хөгшин ээж нь охиныхоо өмнөөс хэрэг хийсэн мэт ихэд гэмшин өвдөг дээрээ хоёр гараа тавиад өндөлзөн сууна. Ээждээ орхигдсон хоёр настай охин одоо эмээтэйгээ хамт байгаа. Цаашид ч ээжээр нь бус эмээгээр нь охиныг асран хамгаалуулах саналтай байгаагаа Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн хэллээ.
Харин прокурорын зүгээс шүүгдэгчид 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэж, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эх байх эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасах санал гаргав. Шүүгч, шүүгдэгч эмэгтэйгээс “Таны ээж байх эрхийг тань гурван жилийн хугацаагаар хасах гээд байна. Юу бодогдож байна” гэсэнд бүсгүй гайхсан нүдээр шүүгч өөдөө ширтээд “Хүүхэдтэйгээ гурван жил уулзахгүй гэсэн үг үү” хэмээн итгэл муутай асууж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч эмэгтэйг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 16.3.1 дугаар зүйлд заасны дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийх шийтгэл оногдуулав.
Хэдий хоёрхон настай охиноо орон гэрээ олох боломжгүй газарт зориуд орхиж явсан буруутайд тооцсон ч алх барьсан, хар нөмрөгтний дотор хүн л сууж байгаа хойно дөрвөн хүүхэдтэй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хуулийн дагуу хамгийн бага шийтгэлийг оногдууллаа. Шүүгдэгч “Баярлалаа шүүгчээ, одоо ухаантай амьдарна” гэж хэлээд ээжийн хамт гарч одлоо.
Шүүх хуралдааны туршид шүүгчийн сэтгэл рүү чиглэсэн хүндхэн асуултуудад бүсгүй уйлж нэг хариулж, өөрийгөө зөвтгөх гэж уймарч, мэдэн будилж үзнэ лээ. Магадгүй шүүгчийн хамгийн хүнд асуулт “Охин чинь том болоод өөрийг нь хаяж байсан тухай үнэнийг мэдвэл яах вэ”. Бүсгүй энэ асуултад хариулж чадалгүй нулимсаа шударч зогссон.
Ямартай ч ахиад хүүхдээ хаяхгүй гэж тэр шүүхийн өмнө амласан. Амьдралд шантрах үе олон ч хөл алдахгүй байх нь хамгийн чухал.
Г.СҮРЭН