COVID-19: Буриадад халдвар тээн ирсэн хүн нь "Титан" сүлжээ дэлгүүрийн эзэн байжээ

Буриадад халдвар зөөвөрлөн ирсэн хүмүүс нь "Титан" худалдааны сүлжээний эзэд болох Раиса болон Вадим Бреднии гэсэн гэр бүлийн хоёр байсныг Буриадын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Сергей Ханхареев мэдээлжээ.
Тэд одоо халдварт өвчний эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал дунд хэмээн Сергей Ханхареев онцолсон байна.
Мөн энэ мэдээлэлтэй холбоотойгоор айж сандрах хэрэггүй гэж иргэддээ уриалаад "Цочирдож болохгүй, эдгээр бизнес эрхлэгчдийн дэлгүүрээр үйлчлүүлэхээс айх хэрэггүй" хэмээн онцолжээ.
Түүний өгүүлснээр бизнесменүүд Москвагаас эргэн ирснийхээ дараа харьцсан этгээдүүдийн хүрээг үндсэндээ тодорхойлж дууссан байна. Тэдэнтэй харьцсан 232 хүнийг олж тогтоосон бөгөөд эдгээр хүмүүсээс лабораторийн шинжилгээ авах аж.
Ханхареевийн өгүүлснээр, дээрх гэр бүлийн хоёр Москвагаас вирусийн халдвар авчээ.Тэд гуравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Москвагас эргэн ирсэн бөгөөд гуравдугаар сарын 17-ны өдөр Вадим Бредний биеийн байдлын улмаас цэргийн эмнэлэгт хандаж, хэсэг хугацаанд тэнд хэвтэн эмчлүүлсэн байна. Харин гуравдугаар сарын 24-ний өдөр Раиса Бредний өвдөж, эмчид хандахад "COVID-19 халдвар" гэсэн урьдчилсан онош тавьсан байна. Новосибирскийн лабораторид шинжилгээг илгээхэд онош батлагдсан бөгөөд нөхрөөс нь ч мөн халдвар илэрч, баталгаажжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ