COVID-19: ОХУ-д бүх цэнгээний газрыг хааж, иргэдийн 80 хувь нь гэрээсээ ажиллаж байна
2020-03-25

 

Дэлхий дахинд шинэ төрлийн титэм вирусийн халдвар тархаж, улс орнууд халдварын тархалтыг тогтоон барих үүднээс хориг, хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Анх өвчний голомт болж байсан Хятад улс чухамхүү хил, замын хөдөлгөөн хаах, иргэдийг хөл хорионд оруулах зэрэг хатуу арга хэмжээ авсны дүнд энэхүү аюулт өвчний оргил үеийг даван туулснаа удаа дараа зарлаж байв. Тиймдээ ч улс орнууд хөл хорио, хязгаарлалтын төрөл бүрийн арга хэмжээ  авч, дэлхий тэр чигээрээ хөл хорионд орсоор байгаа юм.

 

Хойд хөрш ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж, гуравдугаар сарын 25-ны өглөөний байдлаар тус улсад титэм вирусийн халдварын тохиолдол 495 болсон бол 22 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

 

COVID-19 вирусийн тархалттай тэмцэх үүднээс ОХУ хилээ хаах, нислэг зогсоох, боловсролын байгууллагуудад хөл хорио тавих, ахмад настнуудыг гэрээс гарахгүй байхыг зөвлөн, тэдэнд гэрт нь тусламж үзүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Улмаар халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор титэм вирусээс урьдчилан сэргийлэх шуурхай штаб шинээр хэд хэдэн шийдвэр гаргажээ. 

 

  • Гадаад орнуудад байгаа Оросын иргэдийг эх орондоо авчрах ажлыг зохион байгуулж, Засгийн газарт өдөр бүр илтгэхийг Тээврийн яаманд даалгажээ. 
  • Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа Оросын иргэдийн нэрсийн жагсаалтыг Гадаад хэргийн яам энэ сарын 26-ны дотор гаргаж, иргэдийг гадаадын орнуудаас авчрахад Батлан хамгаалах яам, Онцгой байдлын яам, Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хүч, хөрөнгийг татан оролцуулах асуудлыг  Тээврийн яам боловсруулах аж.
  • Хилийн чанадаас ирсэн,  Москва хотын оршин суугч биш, гэхдээ одоо росын нийслэлд байгаа иргэдийг төрөлх хот, суурин руу нь  буцаахаар болжээ.
  • Урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээ төлөвлөсний дотроос, нэн тэргүүнд эмч нар болон өвчилсөн хүмүүстэй харилцах хүмүүсийг амны хаалтаар хангах болсон байна.
  • Орос даяар бүхий л шөнийн клуб, кино театр болон бусад цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, зоогийн газруудад усан тамхи татах үйлчилгээг хоригложээ.

 

Ийнхүү титэм вирусийн тархалтын улмаас хаа сайгүй хөл хорио тогтоож байгаа энэ үед дэлхий даяар хүмүүс алсын зайнаас ажиллах хэлбэрт шилжиж байна. Орост гэхэд нийт ажиллагсадын 80 хувь нь титэм вирусийн тархалтын улмаас гэрээсээ ажиллах болсон гэсэн судалгаа гарчээ.

 

Regnum агентлагийн мэдээлснээр, гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн 31 хувь нь үүссэн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол 44 хувь нь гэрээсээ ажиллахад шаардлагатай ажлын орчин бүрдээгүй, 31 хувь нь ажилд шаардлагатай техник төхөөрөмж хангалтгүй гэсэн бол 23 хувь нь интернетийн хурд муу байгаагаас ажил хийхэд хүндрэлтэй гэж хариулжээ.

 

Орост титэм вирусийн халдвар өдөр бүр хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор Оросын Засгийн газар иргэдийг гэрээсээ гарахгүй байх, гэрээсээ ажиллах, мөн ханиад томууны шинж тэмдэг илэрсэн нөхцөлд өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байгаа юм. 

 

Нэг өвчтөнд өдөрт 202 мянган рубль буюу 6.7 сая төгрөг зарцуулна 

 

ОХУ-ын Петербург хотын орлогч дарга Евгения Елина титэм вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэхэд хичнээн хэмжээний зардал гарах талаар мэдээлжээ. Түүний өгүүлснээр биеийн байдал дунд зэрэг байгаа хүмүүсийг эмчлэхэд өдөрт  140 мянган рубль (4.6 сая төгрөг) зарцуулах шаардлагатай гэнэ. 

 

"Өвчин нь хүндэрсэн хүнийг эмчлэхэд өдөрт л 202 мянган рубль (монгол мөнгөөр 6.7 сая) зарцуулах шаардлагатай. Мөн хүнд өвдсөн хүнийг эдгээх хамгийн бага хугацаа нь л дөрвөн долоо хоног. Тиймээс бид эмчилгээнд шаардагдах хөрөнгийг нөөцлөх ёстой " хэмээн Евгения Елина мэдэгдсэнийг Regnum мэдээллийн агентлаг дамжууллаа.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Oros oron hunee bodson tom arga hemjee avch bna.
2020-03-26