Дэлхий даяар титэм вирус тархаж, иргэдийг гадаад улс орнууд руу зорчихгүй байхыг сануулж байх үед Испанид амарч ирээд, энэ талаараа мэдээлээгүй эмчтэй холбоотой хэрэг Орост ихээхэн шуугиан тарьж байна.
Тодруулбал, Комсомольская правда сонины мэдээлснээр, Ставрополын Анагаах ухааны улсын их сургуулийн халдварт өвчин судлалын тэнхимийн профессор, мужийн Эрүүл мэндийн яамны халдварт өвчний ерөнхий орон тооны бус эмч Ирина Санникова их сургуулийн захиргаа болон яаманд мэдэгдэлгүйгээр Испанид амарчээ.
Тэрбээр гуравдугаар сарын 6-9-ний хооронд амарсан бөгөөд эх орондоо ирмэгцээ COVID-19 вирусийн халдвар бүртгэгдсэн гадаад улс руу явсан тухайгаа удирдлагадаа мэдэгдээгүй аж.
Түүнчлэн цар тахлын үед халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх 14 хоногийн тусгаарлалтад байгаагүй, харин их сургуульд лекц уншин, бага хуралд оролцож, бусад байгууллагуудаар орж, халдварын эмнэлэгт өвчтнүүдэд зөвлөгөө өгчээ.
Улмаар гуравдугаар сарын 17-ны өдөр Ирина Санникова эмчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдэн шинжилгээ хийхэд COVID-19 вирусийн халдвар батлагдсаны дээр уушгины үрэвсэл гэсэн онош тавьсан байна.
Ийнхүү эмнэлэгт хүргэгдэх хүртэлх хугацаанд тэрбээр 11 хүнд халдвар тараажээ. Улмаар эмчийг хөл хорионы дэглэмийн үед хариуцлагагүй байдал гаргаж, олон хүний эрүүл мэндэд эрсдэл учруулсан гэж үзэн хариуцлага тооцохоор болсон байна.
Түүнийг албан тушаалаас нь халсан бөгөөд "Хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц нөхцөл байдлын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан", "Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хоёр хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |