Дэлхий дахин шинэ төрлийн титэм вирусийн тархалтын талаарх мэдээлэлд л илүүтэй анхаарал хандуулж буй энэ үед улс төрийн амьдралд, тэр дундаа хойд хөршийн улс төрийн талбарт нэгэн томоохон үйл явдал болов.
Энэ нь, Оросын төрийн тэргүүн 2036 он хүртэл төрийн эрхэнд байх боломжийг хангасан Үндсэн хуулийн өөрчлөлт байлаа. Мягмар гаригт Төрийн Дум Үндсэн хуулинд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Думын гишүүн Валентина Терешковагийн санал дэмжигджээ. Тодруулбал, өнөөгийн ерөнхийлөгчийн хугацааг тэглэх эсвэл түүний эрх мэдлийг хоёр удаа сонгогдсоноор хязгаарласныг цуцлах санал гаргасан байна. Ингээд санал хураалтаар Терешковагийн саналыг 380 гишүүн дэмжиж, 43 хүн татгалзсан санал өгчээ.
Ингэснээр, энэ нь 2036 он хүртэл Путины эрх мэдлийг сунгаж байгаа төдий биш харин 2024 оны асуудлыг (энэ үед Путины ерөнхийлөгчийн хугацаа дуусна) шийднэ гэж ажиглагчид үзэж байна.
Одоо ямар ч саад хязгааргүй байгаа Путин элитүүд дараагийн ерөнхийлөгчийг хайж, хэн байх гэдэг дээр таамаглал дэвшүүлэхгүйн тулд, тэрбээр өөрөө эрх мэдлийн оргилд хэвээр үлдэж байгаа гэдгийг харуулах дохио өгөх шаардлагагүй, тиймдээ ч өөрт тааламжтай байдлаар эрх мэдлийг шилжүүлэх боломжтой болно гэж судлаачид үзэж байна.
Зарим судлаачдын үзэж байгаагаар Путин эрх мэдлийг хэсгийг Төрийн зөвлөлийн дарга, Аюулгүй байдлын зөвлөл, дээд шүүгч нарт шилжүүлж магадгүй гэнэ.
Тэд хэрхэн эрх мэдлийнхээ хугацааг сунгаж байв?
Хамтын нөхөрлөлийн орнууд буюу хуучин Зөвлөлтийн орнуудын төрийн тэргүүнүүд ерөнхийлөгчийн суудалд байх хугацаагаа сунгаж байсан жишээнүүд бий.
Казахстан, Нурсултан Назарбаев. Түүний эрх мэдлийг гартаа авсан үе нь 1990 оноос эхлэлтэй. Тэрбээр 1995 онд 2000 он хүртэл эрх мэдлээ сунгах олон нийтийн санал асуулга явуулсан бол 1998 онд анхны ерөнхийлөгч төрийн тэргүүнээр сонгогдох тоог хязгаарласан заалтыг хасах тухай нэмэлтийг үндсэн хуулинд оруулж байв. Тэрбээр 29 жил төрийн эрх барьж, 2019 онд эрх мэдлээ шилжүүлсэн юм.
Узбекистан, Ислам Каримов. Мөн л Назарбаевын адилаар 1990 оноос төр барьж эхэлсэн. Түүнчлэн яг л Назарбаев шиг 1995 онд 2000 он хүртэл эрх мэдлээ сунгах олон нийтийн санал асуулга явуулсан бол 2002 онд ерөнхийлөгчийн эрх барих хугацааг 5 байсныг 7 болгон нэмэгдүүлэх тухай олон нийтийн санал асуулга явуулж, улмаар 2007 оноос ерөнхийлөгчөөр сонгогдох хугацааг тэглэжээ. Тэрбээр 26 жил төр барьж, 2016 онд таалал төгссөн юм.
Белорусс, Александр Лукашенко. 1994 оноос төр барьж эхэлсэн тэрбээр 1996 онд үндсэн хуулинд нэмэлт оруулж, ерөнхийлөгчийн таван жилийн хугацааг шинээр тооцохоор болж, 2004 оноос ерөнхийлөгчөөр сонгогдох тоог хязгаарласныг цуцлах олон нийтийн санал асуулга явуулсан юм. Лукашенко 26 дахь жилдээ Белоруссийг удирдаж байна.
Тажикистан, Эмомали Рахмон. 1994 оноос Тажикистаныг удирдах болсон тэрбээр 1999 онд олон нийтийн санал асуулга явуулан үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчөөр ажиллах хугацааг дөрөв байсныг долоон жил болгон өөрчилсөн бол 2003 онд мөн л Үндсэн хуулинд нэмэлт оруулах олон нийтийн санал асуулга явуулж ерөнхийлөгчийн насны хязгаарлалтыг хассан бол 2006 оноос ерөнхийлөгч хэдэн ч удаа сонгогдох боломжтой болгон хуулиа өөрчилсөн. Тэрбээр 26 дахь жилдээ төр барьж байна.
Азербайжан, Ильхам Алиев. 2003 оноос төр барьсан тэрбээр 2009 онд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах олон нийтийн санал асуулга явуулж, улмаар үүний дүнд ерөнхийлөгчөөр хоёр удаа л сонгогдох хязгаарлалтыг цуцлуулж чадсан юм. Алиев 17 дахь жилдээ Азербайжаныг удирдаж байна.
Туркмен, Сапармурат Ниязов. 1990 оноос Туркменийг удирдсан Ниязов 1994 онд эрх мэдлээ 2002 он хүртэл сунгах тухай олон нийтийн санал асуулга явуулсан бол 2002 онд Ардын зөвлөлийн шийдвэр гарч бүх насаараа ерөнхийлөгч байх боломжтой болжээ. Тэрбээр 16 жил төр бариад 2006 онд таалал төгссөн юм.
Киргиз, Аскар Акаев. 1990 оноос эрх мэдлийг гартаа авсан Акаев 1994 оны олон нийтийн сонгуулийн дүнгээр бүрэн эрх нь таван жилээр сунгагдсан бол 2003 оны санал асуулгаар 2005 он хүртэл бүрэн эрхтэй болсон юм. Тэрбээр 15 жил төр бариад, 2005 онд огцрох өргөдлөө өгсөн.
Г.Бямбасүрэн