“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдэд анх удаа ногдол ашиг олгохоор болсон. Тус компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшиж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай 1 сая 80 мянга, 750 ширхэг хувьцаатай 67 мянга 500, 741 ширхэг хувьцаатай 334 мянга 500 иргэн байна. Эдгээр гурван төрлийн хувьцаа эзэмшигч нийт 2 сая 800 иргэнд 66-96 мянган төгрөгийн ногдол ашиг олгох юм.
Та хэдэн ширхэг хувьцаатай вэ?
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм.
Дээрх хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. Тухайлбал Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаатай, 200 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаатай, 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг.
Ногдол ашгаа авахын тулд иргэд хувьцааны данс нээлгэсэн байх ёстой. Гэвч одоогоор хувьцаа эзэмшигчдийн 580 орчим мянга нь хувьцааны дансгүй байгаа аж. Иймд хувьцааны дансаа хэрхэн нээлгэх зөвлөмжийг хүргэе.
.
ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ ГУРВАН АЛХАМ:
НЭГДҮГЭЭР АЛХАМ: Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарж, өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой. Харин Монгол улсын Үндэсний Аж Ахуйн Нэгжүүд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл мөн адил дээрх цахим хуудсанд буй "Регистр" гэсэн холбоосыг дарна. Мөн 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.
ХОЁРДУГААР АЛХАМ: Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.
ГУРАВДУГААР АЛХАМ: Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ.
БРОКЕРОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.
Данс нээлгэсэн бол дахин нээлгэх ШААРДЛАГАГҮЙ
Хэрэв өмнө нь брокер компанид хандан хувьцааны данс нээлгэж байсан бол дахин данс нээлгэх шаардлагагүй юм. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэт оруулах эрх нь үүсэх юм.
Г.Сүрэн
Уншиж байна |