Шинэ төрлийн титэм вирус дэгдсэн Хятад улсад өвчний тархалтыг хязгаарлах, халдвар авсан хүмүүсийн амь насыг аврахаар эмч нар өөрсдийн амь, эрүүл мэндийг үл хайрлан хором мөчөөр хэмжигдэх, үхэл амьдралын төлөөх тулаанд нойр хоолгүй зүтгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.
Энэ удаад ВВС агентлаг өвчний голомт болсон Ухань хотоос 300 км зайд байрлах Жинжоу дахь эмнэлэгт ажиллах Яо сувилагчтай уулзжээ.
Түүн дээр өдөр бүр халуурсан болон бусад төрлийн шинж тэмдэгтэй олон арван өвчтөн ирнэ. Яо тэднээс цусны шинжилгээ авч, халдвар авсан хүмүүсийг илрүүлэхээр оношилгоо хийдэг аж.
Халдварын тархалт эхэлж байх үед энэ эмнэлэгт нэн шаардлагатай зүйлс хүрэлцэхгүй байсан ч одоо нөхцөл байдал сайжирсан гэнэ. Хувийн компаниуд болон улсын тусламжтайгаар шаардлагатай эм бэлдмэл, тоног төхөөрөмжтэй болжээ. Гэлээ ч эмч нарт урьдын адил хамгаалалтын хувцас, амны хаалт хүрэлцээгүй байгаа тул тэд хэмнэхээс аргагүй байгаа гэнэ.
"Биднийг яг л фронтын шугам дээрх цэргүүд шиг гэж эмнэлгийн удирдлага хэлсэ. Бид зэвсэггүйгээр тулалдаж чадахгүй шүү дээ" хэмээн Яо ВВС агентлагт ярьсан байна.
Энэ эмнэлгийн ажилтнууд бараг хооллох, бие засах ч завгүй ажиллана. Олон эмч гэртээ харих ч тэнхээгүйн улмаас эмнэлэг дээрээ хонодог гэнэ.
Яо ажлаа дуусгаад хамгаалалтын олон давхар хувцсаа тайлахад доторх хувцас нь хөлсөнд нэвт норсон байдаг аж. Мөн байнга хамгаалалтын хаалт зүүсний улмаас нүүрэн дээр нь шарх сорви үүсчээ.
Яо шинэ оны баяраа тэмдэглэн гэр бүлийнхэн рүүгээ явахыг ихэд хүссэн ч тэдэндээ халдвар тараахаас эмээж, нөгөөтэйгүүр эмнэлэгт ажиллах шаардлагатай байсан тул үлджээ.
Титэм вирустэй тэмцэхэд бүгд оролцоно
Анхлаад өвчний тархалтыг нуух гэсэн, дараа нь яаралтай хариу арга хэмжээ авч чадаагүй гэж Хятадын олон нийтийн сүлжээгээр шүүмжлүүлсэн эрх баригчид ард түмнээ дайчлав. Шинэ төрлийн титэм вирустэй тэмцэхэд хүн бүр бэлэн байх ёстой.
Хятадын Цэргийн анагаах ухааны сургуулиудын ажилтнуудыг титэм вирустэй тэмцэхэд нэмэлт хүч болгон Хубэй муж руу илгээсэн гэж БНХАУ-ын улсын телевизүүд мэдээлж байв.
Харин олон нийтийн сүлжээнүүдэд гарсан мэдээллээр, их дээд сургуулиудын багш нараас гадна анагаахын сургуулийн оюутнуудыг ч Хубэй муж руу илгээжээ. Мөн зарим тосгон сууринд сангийн аж ахуйн үед улс төрийн уриа лоозон, илүү зүтгэл чармайлттай ажиллах уриалгыг тараадаг байсан зарчимыг дахин ашиглаж эхэлсэн талаар Economist мэдээлсэн байна. Суурингуудад титэм вирустэй хийж буй тэмцлийн явц, өвчилсөн хүний тоо болон халдвар тархалтын нөхцөлд ямар арга хэмжээ авах зөвлөмжийг тасралтгүй хүргэж байгаа аж.
Эмнэлгийн ажилтнууд өвчтнүүдийг сэргээх, эдгэрсэн хүнд баяр хүргэхээр бүжиглэж, дуулж байгаа нь олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархсан бол зарим сууринд Ухань хотоос ирсэн иргэдийг хүлээж авах дургүй байгаа гэнэ. Тухайлбал Чандэ тойргоос холгүйхэн орших Фүкиншан тосгонд Хубэй мужаас ирсэн хүн бүрийг буцааж, сайн дурынхан эргүүлд гарах болжээ. Мөн Хэбэй мужийн Таньшань хотын эрх баригчид оршин суугчдыг нохойгоо салхилуулахыг хориглосон байна.
Титэм вирусийн улмаас улс төрийн хямрал үүсэх үү?
Өнөөгийн хямрал БНХАУ дахь Коммунист намын эрх мэдлийг улам хүчирхэгжүүлнэ гэж олон шинжээч үзэж байгаа бол нөгөө хэсэг нь өнөөгийн улс төрийн тогтолцоо улам чангарна хэмээн үзжээ.
Мөн өнөөгийн хямрал нь БНХАУ-ын дарга Ши Жинпиний гарт эрх мэдлийг улам лавшруулна гэдэг дээр олон шинжээч санал нийлж байгаа юм.
Одоо намын гишүүд болон улсын телевизүүд шинэ титэм вирусийн талаарх мэдээллийг нуусан, яаралтай арга хэмжээ аваагүйд орон нутгийн албан тушаалтнуудыг буруутган мэдээлж байгаагийн дээр Хубэй мужийн хоёр гол албан тушаалтныг ажлаас нь халснаар Ши Жинпин нөхцөл байдлыг залруулж байна гэх ойлголтыг төрүүлж байгаа.
Титэм вирусийн тархалтаас болж Хубэй мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга Зян Чаолян, мөн Ухань хотын Коммунист намын дарга Ма Гоцян албан тушаалаа алдсан юм.
Ши Жинпин өөрөө Уханьд ирээгүй нь мөн л олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байлаа. Харин Ши дарга Уханьд очихын оронд хоёрдугаар сарын 10-ны өдөр Бээжингийн эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцсан юм.
Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян нэгдүгээр сарын сүүлээр Хубэй муж руу явсан, үүний дараа Ши дарга ойрын хүрээллээсээ, Төв бодлого, хууль тогтоох асуудал эрхэлсэн хорооны даргыг Хубэй муж руу илгээсэн юм. Тэрбээр Хубэй дэх хямралтай тэмцэх үндэсний багийн орлогч дарга болсон бөгөөд энэ багийн удирдлаган дор Хубэй мужид 10 хоногийн дотор хоёр эмнэлэг барьж, хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнг эмнэлэг болгон тохижуулжээ.
Энэ үүднээс нь үзвэл, Хятадын эрх баригчид шуурхай, шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа тул цаашлаад тус улсын Коммунист намд том халаа сэлгээ гарахгүй байх гэж шинжээчид таамаглаж байна.
ТИТЭМ ВИРУС: Халдвараас сэргийлэх аргууд болон өвчлөлийн өнөөгийн байдал
Г.Бямбасүрэн