ТИТЭМ ВИРУС: "Даймонд принцесс"-хөвөгч "шорон"
2020-02-11

Шинэ төрлийн титэм вирус дэлхий дахиныг түгшээж байгаа энэ үед олон нийт Хятад дахь нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа талаар илүүтэй чих тавьж байгаа. 

 

Харин яг энэ үед, магадгүй, хамгийн эмгэнэлтэй үйл явдал болзошгүй тахлаас хаашаа ч зугатах боломжгүй, "үхэлд хүргэх шорон" болсон хөлөг онгоц дээр өрнөж байна. 

 

Энэ хөлөг онгоц бол "Даймонд принцесс". Японы Йокогама боомтын орчимд хорио цээрт орсон энэхүү аяллын хөлөг онгоц дээр титэм вирусийн халдвар авсан хүний тоо хоёрдугаар сарын 10-ны байдлаар 135 болжээ.  Гэтэл ердөө нэг хоногийн өмнө нь буюу хоёрдугаар сарын есний өдөр  70 хүн өвдсөн талаар мэдээлж байсан бол ийнхүү ганцхан өдрийн дотор халдвар авсан хүний тоо бараг хоёр дахин нэмэгджээ. 

 

Хөлөг онгоц дээр байх дахин 65 хүний шинжилгээний хариу эерэг гарсан талаар даваа гаригт Японы Эрүүл мэндийн яам мэдээлсэн юм.  Тус яамны төлөөлөгчдийн мэдээлснээр, халуурсан эсвэл ханиалгаж эхэлсэн зорчигчид болон экипажийн багийн гишүүд төдийгүй тэдэнтэй ойрын хавьталд байсан хүмүүсийг оношлуураар шалгахад ийнхүү титэм вирусийн халдвар авсан гэдэг нь тогтоогджээ.

 

Хоёр долоо хоногийн хөл хорио

 

"Даймонд принцесс" хөлөг онгоц дээр хоёрдугаар сарын тавны өдрөөс хоёр долоо хоногийн хөл хорио зарласан юм. Энэ онгоцны зорчигч болон экипажийн багийн гишүүд нийлээд 3700 гаруй хүн байгаа юм. Тэдний тал орчим хувь нь Японы иргэд байгаа бол үлдсэн нь 56 орны иргэд байгаа гэнэ.

 

Хөлөг онгоц нэгдүгээр сарын 20-ны өдөр Йокогама боомтоос гарч Кагосима-Хонконг-Окинава чиглэлд аялан, хоёрдугаар сарын гуравны өдөр боомтдоо эргэн ирсэн юм. Энэ үеэр хөлөг онгоц дээрх хэд хэдэн хүн биеийн байдал тавгүйрхэж байгаагаа мэдэгдсэний дараа Японы эрх баригчид хөлөг онгоц дээрх бүх хүнийг үзлэгт оруулах  шийдвэр гаргаж байв. 

 

Ингээд хоёрдугаар сарын тавны өдөр, 10 хүн шинэ төрлийн титэм вирусийн халдвартай гэдэг нь тогтоогдож тэднийг Канагавагийн эмнэлэгт хэвтүүлсэн юм.

 

Шинэ төрлийн титэм вирусээр өвчилсөн хүмүүс Хонконгийн 80 настай зорчигчоос халдвар авсан байж болзошгүй гэж Японы эрх баригчид таамаглаж байгаа. Тээвэрлэгч компанийн мэдээлснээр энэ зорчигч Япон руу онгоцоор ирж, нэгдүгээр сарын 20-25-ны өдрийн хооронд "Даймонд принцесс" онгоцон дээр байжээ. Түүнийг эргээд Хонконгод очсон хойно титэм вирусийн халдвартай гэдгийг оношилсон байна.

 

 

 

Тансаг шорон 

 

 

Хөлөг онгоц хорио цээрт байх үеэр зорчигчдыг өрөөнөөсөө гарахгүй байхыг хүссэн байна. Экипажийн гишүүд зорчигчдод өрөөнд нь хоол, солих цагаан хэрэглэл тараан өгч байгаа гэнэ. Тэнд интернет, хөлөг тоглоомууд, зурагт гээд хүнийг сатааруулж болох зүйлс багагүй бий ч зорчигчид "битүүмжлэгдсэн орчин"-д орсондоо ихээхэн түгшиж байгаа аж. 

 

"Даймонд принцесс" дээр байгаа 60 настай зорчигч Японы NHK агентлагт мэдээлэл өгөхдөө,  хөлөг онгоц дээр вирус тархаж байгаа талаарх мэдээллийг интернетээс авсан, мөн хоёрдугаар сарын 19-нд амласан ёсоор хөл хориог цуцлана гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ.

 

Бусад зорчигчдын өгүүлснээр, хөлөг онгоц дээрх нөхцөл байдал өдөр ирэх тусам муудаж байгаа бөгөөд экипажийн гишүүд өдөр бүр өрөөнүүдийг цэвэрлэж чадахгүй, мөн олон зорчигч компьютерээр цахим орчин нэвтрэх боломжгүй байгаа гэнэ.

 

 

Харин тэднийг  өдөрт 1,5 цаг орчим өрөөнөөсөө гарч агаар амьсгалахыг зөвшөөрсөн бөгөөд ийнхүү салхилахдаа маск зүүн, нэг нэгэндээ нэг метрээс дотогш зайд ойртохгүй байхыг анхааруулжээ.

 

"Хөлөг онгоц дээр бүх зүйл хэвийн байгаа гэсэн мэдээлэл бодит байдлаас хол зөрнө. Зөвлөх үйлчилгээнүүдийг зөвхөн англи хэл дээр өгдөг. Оройн хоолонд стейк өгдөг, үүнийг ихэнх настай хүмүүс идэж  чадахгүй байна" хэмээн онгоцны зорчигч Тадаши Чида өгүүлжээ.

 

Өөр нэг ноцтой асуудал нь, ахмад настай зорчигчдын эм бэлдмэл дуусч байгаа гэнэ. Японы NHК телевизэд ярилцага өгсөн 70 настай зорчигч даралтны эм нь олон хоногийн өмнө дууссан гэжээ. Зорчигчид энэ байдлыг туулахын тулд цонхоороо тусламж хүссэн зурагт хуудас унжуулжээ. 

 

 

Улмаар хоёрдугаар сарын есний өдөр  хөлөг онгоц руу 600 боодол эм хүргэн, зорчигчдод хуваарилсан байна. Гэхдээ хөлөг онгоц дээрх бүх хүмүүсийн хэрэгцээнд хүрэхгүй тул нэмэлтээр нийлүүлнэ гэж Японы Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шинэ цагийн титаник, бүгд эсэн мэнд эрүүл саруул болоосой
2020-02-15
jjj:
neg muu novshoos bolj ingej olon hun hohiroh ch gjdee
2020-02-13
dandaa ng virus tarhaj zombi bolj bga muu yoriin um hiidgiin biellee olj bnda
2020-02-12
стейкийн оронд борцтой бантан илгээмээр байна
2020-02-12
Hollywood kino hiih bhdaa
2020-02-12
Хэхэ
2020-02-12
Ёстой луу унаад ч зугатаж чадкү гдг үнн боллтой
2020-02-12
Unuudruus zarim huniig buulgaj baigaa. Tiimee yokahama hot. Tokyotoi zalgaa hot. Gehdee Tokyod taiwan amgalan bn aa.
2020-02-11
Товаришь Бимбасурен:
Ёокохама, Кагошима гэж бичнээ. Орос хэл биш Монгол хэл.
2020-02-11
Хэхэ
Иргэн:
Энэ ч их серёзный асуудал болох нь дээ
2020-02-11