Хятадад титэм вирус дэгдсэний улмаас олон сая хүн хөл хорионд орж, хотуудын тээврийн харилцаа зогссон ч хүмүүс бие биенээ дэмжин, сэтгэл санааг нь өргөхөөр хичээж байгаа талаар ВВС мэдээллээ.
Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Ухань хотод вирусийн тархалтыг багасгах үүднээс хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. Харин оршин суугчид нэгнээ дэмжих арга олжээ.
Олон нийтийн сүлжээгээр тархсан дүрс бичлэг дээр хүмүүс тагтан дээрээ гаран "Ухань, цзяю" буюу "Ухань, тэсээрэй!" гэх утгатай үгс хэлэн хашгирч байна. Энэ уриаг Хятадын олон нийтийн сүлжээгээр ч ашиглаж байгаа бөгөөд Weibo сүлжээнд "Ухань, тэсээрэй!" гэсэн уриа трэнд болжээ.
Байгаа бүхнээрээ нэгнээ дэмжиж байна
Ийнхүү оршин суугчид тагтан дээрээ гаран нэгнээ дэмжсэн бол хотын нэгэн бизнес эрхлэгч залуу эмч нарыг хооллон олны талархлыг хүлээсэн байна. Тодруулбал, Ухань хотын шинэ зоогийн газрын эзэн хотын эмнэлгийн ажилтнуудад зориулан хоол бэлдэж, шинэ оны баяраа тэмдэглэсэн талаар Changjiang Daily мэдээлжээ.
Ли Бо гэх энэ эр ердөө сарын өмнө зоогийн газраа нээсэн бөгөөд бизнес эхлүүлэхийн тулд машинаа зарж, зээл авсан гэнэ. Гэвч түүний төлөвлөгөөнд вирус саад болов. Өдгөө 36 настай Ли Бо зоогийн газраа гүйцэт ажиллуулж эхэлж амжаагүй байтал Ухань хотод вирус тархаж, одоо түүний зоогийн газар яг л хотын гудамж шиг хов хоосон байгаа гэнэ.
"Би түгшиж эхэлсэн. Гэртээ суугаад л, зээлээ яаж төлөх вэ гэж бодож байлаа. Гэтэл эмнэлэгт эмч нар ямар хүнд нөхцөлд ажиллаж байгаа талаар мэдээ хараад би ч гар бие оролцох ёстой гэж шийдсэн. Нэг их биш ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүссэн юм" хэмээн тэрбээр ярьжээ.
Ингээд Ли Бо ахлах тогоочийнхоо хамт хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, хоол хийн, 200 сав хоолыг Ухань хотын Сихэ эмнэлэгт хүргэж өгчээ.
"Эмч нарыг халуун хоолтой байлгахын тулд өөрөөсөө хамаарах зүйлийг хийхийг л хүссэн. Тэд шаардлагатай хүнс тэжээл авч чадна гэж найдаж байна, үүнээс тэдний дархлаа хамаарна шүү дээ" хэмээн тэрбээр өгүүлээд "бидний хайртай хот удахгүй сайхан болно гэж найдаж байна" гэжээ.
Бизнес нь дампуурлын ирмэгт очсон ч бусдад сайхан сэтгэл гаргасан Ли Богийн түүхтэй зэрэгцэн 15 мянган амны хаалт тараасан оршин суугчийн талаарх мэдээлэл мөн л олон нийтийн сүлжээгээр ихээхэн тархаж байна.
Хятад даяар хүмүүс эмнэлгийн амны хаалтыг олноор нь худалдан авч байгаа бөгөөд зарим газарт амны хаалтны нөөц дуусч байгаа гэнэ.
Харин Хубэй мужтай зэрэгцэн оршдог Чандэ тойргийн нэгэн оршин суугч 15 мянган амны хаалтыг бусдад хандивласан талаар Xiaoxiang Morning Herald мэдээлжээ.
Хао Цзинь гэх эр өнгөрсөн жил амны хаалтны үйлдвэрт ажилладаг байжээ. Түүнийг ажлаас гарах үед үйлдвэр нь хуримтлагдсан цалинг нь өгч чадаагүй тул 20 мянган юань буюу 7.5 сая төгрөгийн өртөг бүхий 15 мянган амны хаалт өгсөн байна.
Олон сар амны хаалтыг хадгалж байсан эр амны хаалт хомсдолтой байгаа талаарх мэдээ телевизээр үзснийхээ дараа цалингийнхаа оронд авсан бүтээгдэхүүнийг гэнэт санажээ.
"Хэрэгтэй хүмүүст нь амны хаалтуудыг хандивлая гэж бодсон. Бусад хүмүүст илүү хэрэг болох байх" хэмээн Хао Цзинь ярьсан байна.
Тэрбээр гэр бүлийнхээ хэрэгцээнд тодорхой тооны амны хаалт авч үлдээд бусдыг нь тосгоны болон тойргийн оршин суугчдад хандивлажээ.
Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа
Г.Бямбасүрэн