Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.
Хохирогч, шүүгдэгчийн хоёр талын ар гэрийнхэн олноор иржээ. Шүүх танхимд багталцахгүй манайхаас тав, танайхаас дөрвөн хүн байна гэх маргаан дэгдэх шахахад багтаамжтай газарт шүүх хурлыг явуулахаар болж танхимыг солив.
Өнөөдөр хохирогч, шүүгдэгч болчихоод зогсож буй энэ бүсгүй, залуу хоёрт хэн хэндээ татагдаж, тэмүүлж, хамтран амьдарч, хайрлаж дурлаж явсан он жилүүд байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө...Харин энэ цаг мөчид тэдний хэнд нь ч хайрлаж, дурлаж явсных гэх ул мөр үлдээгүй бололтой. Хорссон харц, харахыг ч хүсэхгүй мэдрэмж буцалж байх шиг...
Хохирогч эмэгтэй шүүгдэгчтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад хүрсэн бөгөөд үүнд найз залуугийнх нь эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол мэдүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаад буй Т-д Эрүүгийн хуулийн 11.7-2.1, 11.7-.2.2 зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүгдэгч Т-ийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.01.08/ 10.00 цагт боллоо. Шүүгдэгч хоёр өмгөөлөгчтэй. Гэвч энэ удаагийн шүүх хуралд түүний нэг өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг 10 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Өмнө нь үүнтэй ижил шалтгаанаар шүүх хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл он дамжин хойшилсон аж.
Иймд хохирогч бүсгүй шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлгүй, шүүгдэгч этгээдийн гэм буруугийн шүүх хуралдааныг явуулж өгөхийг шүүгчээс хүсэв. Харин шүүгдэгч залуу “Хоёр өмгөөлөгчтэйгөө л шүүх хуралдаанд оролцоно. Өнөөдөр ирсэн нэг өмгөөлөгч миний өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангаж чадахгүй гэж үзэж байна” хэмээн хариулав.
Шүүх хуралдаан завсарлаж шүүгч шийдвэрээ гаргалаа. Хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 16-ны 15.00 цаг хүртэл хойшлуулав. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, Улсын яллагч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн, хохирогч О, шүүгдэгч Т нар болон тэдний ар гэрийнхэн оролцсон.
“Гарнет” пүүз хөлдөө угласан ч гартаа гавтай залуу. Дэрвэлзсэн сормуус, дүрлэгэр алаг нүдтэй ч эрс шийдсэн төрхтэй 20 гаруй насны залуу бүсгүй. Тэдэнд улирч одсон цаг хугацаанаас сугалаад авах сайхан дурсамж үлдээгүй бололтой. Хэн хэн нь "ялахын" төлөө л энд ирсэн санагдана...
Г.Сүрэн