АНУ, Ираны сөргөлдөөний шалтгаан ба өнөөгийн нөхцөлүүд 
2020-01-07


Хуучин оноо үдэж, шинэ он угтахтай зэрэгцэн АНУ шинэ сөргөлдөөнийг үүсгэв. Энэ бол дэслэгч генерал Сулейманийг хөнөөснөөс үүдэлтэй АНУ, Ираны сөргөлдөөн, гэхдээ энэ сөргөлдөөнийг аль тал нь түрүүлж өдөөсөн гэдгийг хэлэхэд хэцүү. 


Үйл явдал хэрхэн эхлэв? 


2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр АНУ Ирак, Сири дэх “Катаиб Хезболла” шийтийн босогчдын байршилд агаараас цохилт өгсний улмаас босогчдын 25 гишүүн амиа алдаж, 55 хүн шархдав. “Inherent Resolve” ажиллагаанд оролцож буй  эвслийн хүчнүүдийг байршуулсан Иракийн цэргийн баазууд руу удаа дараа халдсан, тэр дундаа 2019 оны 12 дугаар сарын 27-нд Киркук дахь агаарын бааз руу халдсаны хариу болгон энэ ажиллагааг гүйцэтгэсэн гэж АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн юм. 


Ирантай холбоотой “Катаиб Хезболла” шийтийн босогчид АНУ-ын цэргийн баазуу руу халдсантай холбоогүй хэмээн мэдэгдэж байв. 


Улмаар АНУ-ын энэ халдлагын хариу болгон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам руу дээрх босогчид болон түүний дэмжигчид халдсан юм. Энэ халдлагын улмаас шархадсан болон амиа алдсан хүн байхгүй, гэхдээ АНУ үүний хариуг хатуухан барив. 


2020 оны нэгдүгээр сарын гурванд Багдадын олон улсын нисэх буудалд АНУ агаарын цохилт өгч, улмаар Ираны генерал Касем Сулеймани болон Иракийн цагдаагийн дарга Абу Махди аль-Мухандис амиа алдсан юм. 


Ираны хариу 


Генералыг нь хөнөөсний төлөө өшөө авна гэж Иран мэдэгдэв. Улмаар пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулан, гадаадын цэргүүдийг нутгаасаа гаргахаар шийдвэрлэсний дээр цөмийн хэлэлцээрээс гарч байгаагаа зарласан юм. 


Тодруулбал, 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрээс бүрэн гарч, уран баяжуулах хязгаарлалтыг мөрдөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ингэснээр Иран хэлэлцээрт тусгасан аливаа хязгаарлалтыг мөрдөхгүй, улсынхаа техникийн хэрэгцээнд нийцүүлэн ураны баяжуулалтын түвшинг тодорхойлох болж байгаа юм. Гэхдээ АНУ хоригоо цуцалвал Иран хэлэлцээрийг дахин хэрэгжүүлэхэд бэлэн бөгөөд МАГАТЭ-тэй хамтран ажилласан хэвээр байна гэж мэдэгджээ. 


Баасан гаригт болсон АНУ-ын халдлагаас хойш хоёр орон нэгэн рүүгээ чиглэсэн заналхийлсэн мэдэгдэл хийсээр байгаа. 


Ням гаригт Ираны батлан хамгаалахын сайд асан, өдгөө цэргийн зөвлөхөөр ажиллаж буй Хосейн Деган CNN агентлагт ярилцлага өгөхдөө Иран Америкийн цэргийн объектуудад цохилт өгөхөд бэлдэж байгаа хэмээсэн юм. 


“Дайныг Америк эхлүүлсэн. Тиймээс тэд өөрсдийн үйлдлийнхээ хариуд бэлэн байх ёстой. Дайны энэ үед цэг тавих цорын ганц зүйл нь тэдэнтэй адилхан хариу цохилт өгөх” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Харин үүнээс өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран америкчуудын эсрэг халдвал Вашингтон Иранд “маш хурдан, хүчтэй” цохилт өгнө гэж сүрдүүлж байв. 


АНУ, Ираны сөргөлдөөнөөс үүдсэн эдийн засгийн үр дагавар 


Энэ сөргөлдөөнөөс үүдэлтэйгээр газрын тосны зах зээл дээрх ихээхэн өөрчлөлт гарах бололтой. Тухайлбал нэгдүгээр сарын зургааны өдрийн байдлаар Брент маркийн газрын тосны өртөг тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 70 доллараас давсан байна. Лондон дахь арилжааны явцад энэ маркийн газрын тосны үнэ нэгдүгээр сарын зургааны өдөр 70,16 долларт хүрсэн нь өмнөх өдрийн үзүүлэлтээс 2,08 хувиар их байгаа гэнэ.


Нэгдүгээр сарын гуравны баасан гаригт, Сулейманийг хөнөөгдсөний дараа Energy Aspects-ийн шинжээч Амрита Сен CNBC  сувагт өгсөн ярилцлагадаа газрын тосны зах зээл дээрх тогтворгүй байдал нь генералын үхэлд Иран хэрхэн хариу барих нь тодорхойгүй байгаатай холбоотой хэмээн мэдэгдэж байлаа. Түүнчлэн Тегеран хариу үйлдлээ удаашруулвал газрын тосны үнэ хуучин хэвэндээ очиж магадгүй хэмээн тэрбээр онцолж байв. 


Брент маркийн газрын тосны баррелийн үнэ 70 доллараас давсан хамгийн сүүлийн тохиолдол 2019 оны тавдугаар сард гарч байсан юм. Тухайн үед Персийн буланд газрын тосны хоёр танкер халдлагад өртөж, АНУ энэ хэрэгт Ираныг буруутгаж байснаас үүдэн үнэ нэмэгдэж байжээ. 


Генерал Сулейманийн үхэл болон Иран АНУ-аас өшөө авахаар мэдэгдсэний дараа газрын тосны томоохон компани болох Saudi Aramco-ийн хувьцааны үнэ эрс унасан юм. Мөн АНУ, Ираны сөргөлдөөн хурцадвал дэлхийн ДНБ-ий үзүүлэлт 0,5 хувь болон түүнээс дээш хэмжээгээр буурч болзошгүй гэж шинжээчид мэдэгдэж байв.
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин