Америкийн амьтны эрхийг хамгаалагчид бага Дональд Трамп Монголд аялах үеэрээ нэн ховор амьтан агнаж, АНУ руу нэвтрүүлсэн нь ан амьтан худалдаалахтай тэмцэх холбооны хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн мэдэгдсэнийг Roll Call мэдээллээ.
Харин бага Трампын төлөөлөгч мягмар гаригт дээрх эх сурвалжид мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэ мэдэгдэлд ангийн зөвшөөрөлтэй холбоотой зөрчил гаргасан гэдгийг үгүйсгэж байгаагаа онцолсон байна.
Мөн 2015 онд Үндэсний буудлагын холбооны дуудлага худалдаанаас ангийн аяллын зөвшөөрлийг авсан, ан хийх бүхий л зөвшөөрлийг хууль ёсны дагуу бүрдүүлсэн хэмээн онцолжээ.
“Ноён Трамп Монгол руу аялах зардлаа өөрөө төлсөн, цагт нь өргөдөл өгч, бүхий л шаардлагатай зөвшөөрлийг хөндлөнгийн нийлүүлэгчээр дамжуулан авсан” хэмээн төлөөлөгч мэдэгджээ.
Энд дуулгахад, Биологийн олон янз байдлын төв 12 дугаар сарын 13-ны өдөр Холбооны мөрдөх товчоо, хууль сахиулах байгууллагуудад хандан, Трампын хүү ховор ан агнасан нь АНУ эсвэл Монгол улсын хууль зөрчсөн эсэхийг тодруулахыг хүсэн захидал илгээсэн байна.
Тус улсад 1900 онд батлагдсан хуулиар гадаад улс орнуудын хуулийг зөрчин ан зөөхийг хориглосон бөгөөд буруутай этгээд торгууль эсвэл хорих ялаар шийтгүүлдэг аж.
Түүнчлэн энэ захидалд бага Трампын хөнөөсөн амьтныг агнах зөвшөөрөл байсан эсэхийг тодруулахыг хүссэн бөгөөд Монгол улс дахь аргалийн тоо толгойг Устан үгүй болж буй амьтдын хууль, зэрлэг амьтны худалдааг зохицуулах 1975 оны олон улсын хуулиар хамгаалагдсан байдаг гэдгийг цохон тэмдэглэжээ.
“Аргалийг хамгаалах, тэр дундаа анчид, хууль бус анчдаас хамгаалах арга хэмжээ авахыг уриалж байна” хэмээн захидалд өгүүлсний дээр “хөрөнгө чинээтэй хүмүүс тэр дундаа эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч ховор амьтан агнах эрхгүй ” гэсэн утга бүхий анхааруулгыг онцолжээ.
Энэ захидлын араас Трампын хүүгийн ан авласантай холбоотой асуудлыг судалж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна.
Трампын хүү Монголд аялахдаа аргаль агнажээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |