Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.
Хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хүн юу бодож, өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж явдаг бол?
Тэр шүүх хурал эхлэхээс л хэлэх үгээ цаасан дээр бичсээр суусан. Хэдий шүүгдэгчийн ширээний цаана суух ч үе үе нүүрээ шударч, үсээ арагш шидлэн, байн байн цэвэр ус залгилан дарга зангаа цухалзуулах аж. Хажуудаа зогсоо цагдаагаар танхимын хамгийн арын ширээнд суух хоёр бүсгүйн ороолтдоо нуугдан суух нэгэнд үг дамжуулж ч харагдсан. Магадгүй түүний эхнэр болов уу гэж санасан.
Дарга нар архидан согтуурч нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 9-ны үдэш Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны гадна гарсан. Эл үдшээс хойш даруй жил дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн хэмээн буруутгагдаад буй Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалд холбогдох хэрэг шүүхэд шилжсэн ч хоёрдахь удаагаа прокурорт буцаад байна.
Өнгөрөгч баасан /2019.12.13/ гарагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүгч Д.Ренчинхорол, шүүгдэгчээр Б.Махбал, Улсын яллагчаар Б.Баярхүү, өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, С.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж, хохирогчоор Д.Доржсүрэн нарын ирцтэйгээр шүүх хуралдаан 14.00 цагт эхэлсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчид “Тухайн үед амь хохирогч миний үйлчлүүлэгчийн эмзэглэж явдаг асуудлыг хөндсөн байдаг. Г энэ сэдвийг хөндөж анхлан хэрүүл, маргаан өдсөн. Улмаар Махбалын сэтгэл санаа цочрон давчидсан нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна” гэдгийг шүүх хурлын эхэнд хэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйл.Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах
1.Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.2 дугаар зүйл.Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах
1.Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид гурав гурваараа “талцан” нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хохирогч талын гурван өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдааныг явуулах нь зүйтэй гэж үзэх бол харин шүүгдэгчийн өмгөөлөгчид “Гомдол гаргах эрхийг хязгаарласан, хохирогчийн толгойн тус газар нь долоон удаа өшиглөсөн гэдгийг хэн гэрчилсэн юм. Махбал ч хохирогч, түүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгомоор байна. Буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Махбалын гэр бүлийн хүнийг гэрчээр байцаалгах шаардлагатай” зэргийг хэлж, хэргийг прокурорт буцаах хүсэлтээ илэрхийлэх аж. Үүнд Улсын яллагч “Тухайн хэрэг маргааны үед байгаагүй хүнийг гэрчээр асуух гээд байгааг ойлгохгүй байна” гэж хариулсан.
Тэдний ширүүн “маргаан” дунд өөр нэг өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хамт арын ширээнд чимээгүй сууна. Тэр бол хохирогч Д.Доржпүрэв өмгөөлөгчийн хамт суугаа нь. Одоогоос жил дөрвөн сарын өмнөх тэр үдэш чухам юу болсныг гэрчлэх хүн цөөн. Харин зодооны үед дэргэд нь байсан, улмаар “тэнсэн” цохилтод өртөж гэмтэл авсан Д.Доржпүрэв гэх 30 гаруй насны залуу шүүх хуралд хохирогчоор оролцлоо. Хэрэг гарах үед хамт байсан Доржпүрэв, Лхагвасүрэн нар мөрдөн байцаалтын явцад эхлээд гэрчээр, дараа нь яллагдагчаар татагдсан бол тэдний нэг нь өнөөдөр хохирогчоор шүүх хуралд оролцож байна.
Өмгөөлөгчид, Улсын яллагч нарын удаан “мэтгэлцээн”-ий дараа Б.Махбалын ярих ээлж ирлээ.
Тэр босч зогсоод өнөө цаасан дээр бичсэнээ харж “Намайг амь хохирогчтой маргалдсан гээд байна. Маргалдсан гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ. Намайг гурван давхарын шатнаас бууж ирснээс хойшхи 8-9 минутад намайг болон бусдыг яаж хүчирхийлснийг яагаад ярихгүй байна вэ. Намайг “Тамхи татах уу” гэсэн. Би хариуд нь “Үгүй, тамхи татахгүй, зүгээр агаар амьсгалъя” л гэсэн. Гэтэл хэрүүл өдөж хэл амаар доромжилж, хүзүү, ам боогоод эхэлсэн. Миний хамар хугарсан. Гэтэл миний гэмтлийн зэргийг тогтоогоогүй” гэдэг тайлбар хэлэв.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Б.Махбалын өмгөөлөгчид хэргийн зүйлчлэлийг хөнгөвчлөх боломжтой гэж үзэн Улсын Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлсэн ч хариу ирээгүй. Дахин хүсэлт явуулаад хариу ирээгүй байхад прокурор хэргийг шүүхэд шилжүүлж миний гомдлыг хангаагүй гэдэг тайлбарыг хэлж хэргийг прокурорт буцаах хүсэлтээ илэрхийлж байсан юм.
Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэлийн дагуу бүх хохирлыг барагдуулсан тул хөрөнгө битүүмжилсэн ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг шийдвэрлэж үйлчилгээний зориулалттай А блок барилгыг чөлөөлж өгөхийг хэлж байв.
Ааг омгондоо багтаж ядсан алдаа бүрийн цаана ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус цээж дүүрэн аагандаа эрдэхдээ алдах вий гэхээс сэргийлэхэд энэхүү сурвалжлагын зорилго оршив.
Г.Сүрэн