Дэлхийн олон оронд эсэргүүцэл үймээн самуун өрнөж буй энэ өдрүүдэд олон улсын анхаарлыг ихээр татсан улс нь Боливи байлаа. Учир нь “Арабын хавар” үзэгдэл Өмнөд Америкт гарав уу гэлтэй, хөрш зэргэлдээ Чили улсад нь эсэргүүцлийн давалгаа өрнөсний араас Боливид “дангаар ноёрхол”-ыг эсэргүүцсэн ард түмэн бослого үймээн гаргав. Энэ улсыг 13 жил тасралтгүй удирдсан Эво Моралес өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь эсэргүүцлийн шалтгаан. Цэрэг цагдаагийнхан нь хүртэл эсэргүүцэл тэмцэлд нэгдэн, эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд албан тушаалаасаа огцрон Мексик рүү дүрвэсэн Эво Моралес гэж хэн бэ?
Ядуусын хорооллоос Ерөнхийлөгчийн сэнтий хүрэх замнал
Эво Моралес тосгоны ядуу индиан гэр бүлд төржээ. Эндэхийн уугуул ард түмэн болон колончлогч испаничуудын хоорондын сөргөлдөөн испаничууд индианчуудыг эрх чөлөөгүй байх ёстой гэж үздэгийн дээр хөгжин цэцэглэхэд нь огт анхаарал хандуулдаггүй байсны улмаас гүнзгийрч байв. Гэхдээ гагцхүү Моралес Боливийн ерөнхийлөгчийн суудалд суух анхны уугуул иргэн бөгөөд ядууралтай хийх тэмцэлд том алхам хийх хүн нь байж.
Түүнийг багад гэрийнхэн нь эрдэнэ шишээр л хооллодог байсан гэх бөгөөд гагцхүү баярын өдрүүдэд л мах иддэг байж. Эво Моралес хар багаасаа л эцэг эхдээ ургац хураах, хонь, лам гөрөөс тэжээхэд нь тусладаг байжээ.
Эво Моралесын эцэг эх 1980-аад онд Оруро хотруу шилжихээр шийдэн, тэнд тэрбээр газар тариалангийн их сургуульд элсэн орсон ч цэрэгт татагдсаны улмаас сургуулиа төгсөж чадаагүй байна. Ирээдүйн ерөнхийлөгч цэргийн найрал хөгжмийн салаанд алба хаажээ.
Цэргээс халагдсаны дараа Моралес нэн тэргүүнд амь зуух мөнгө олох шаардлагатай болов. Ингээд тэрбээр Чапаре сууринг зорьж, кокаины суулгацын талбайд ажиллах болжээ. Чухамхүү энд л тэрбээр кокаин үйлдвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж, ихээхэн нэр хүнд олж авчээ.
Тэрбээр кокаин ургуулдаг хүмүүсийг АНУ-ын дарамтанд захирагддаг хотын баян элитийн золиос гэж үздэг байв. Дээд зиндааныхан иргэдийн олонхийн хүсэл зоригийг үл хайхардаг, ардчилсан зарчим мөрддөггүй гэж үздэг байжээ.
1993 оны сонгуулиар Гонсало Санчес де Лосада сонгогдон, АНУ-ын шаардлагаар Боливийн кокаин үйлдвэрлэгчдийн эсрэг дарамт үзүүлж, Америкийн 20 сая полларын тусламжийн хариуд хэдэн мянган га суулгацыг устгахыг зөвшөөрснөөр байдал хурцаджээ.
Энэ бүхнийг эсэргүүцэж байсан Моралес 1990-ээд оны дундуур хэдэнтээ баривчлагдан, бослогод өдөөн хатгасан гэж буруутагж байлаа. Тухайн үед тэрбээр үүнийг эсэргүүцэн хуурай өлсгөлөн зарлаж байв.
1995 онд Моралес “Социализм руу хөтлөх хөдөлгөөн” намыг үүсгэн байгуулалцав. Энэ намын үзэл суртал нь капитализм бол хэрцгий, харин улс нэн тэргүүнд ядууст туслах ёстой гэсэн үзэлд чиглэгдэж байлаа.
Тэрбээр 2002 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцов. Сонгуулийн дүнгээр хоёрдугаарт жагссан нь Латин Америк даяар олны гайхшралыг төрүүлжээ. Улмаар 2005 онд Эво Моралес сонгогчдын 54 хувийн санал авч анхлан ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. түүнээс өмнө Боливи улсад таван жилийн хугацаанд таван ерөнхийлөгч солигдсон бөгөөд тэдний дунд өнөөгийн түүний өрсөлдөгч Карлос Меса багтдаг.
Популист үр дүн
Моралес эрх мэдэлд хүрсэн нь түүний популист амлалтуудтай ихээхэн хамаатай. Тэрбээр хамгийн ядуу хүмүүсийг дэмжиж, харин “цагаан захтнууд”-ыг хавчиж байв. Уугуул индианчуудыг багтаасан давхаргад ашигтай байдлаар баялгийн дахин хуваарилалтыг хийв. Байгалийн баялгийг төрийн өмч хэмээн зарласан бол 2006 онд улсынхаа газрын тос хийн салбарыг төрд шилжүүлсэн юм.
Тэрбээр гадаадын газрын тосны компаниудад шинэчлэл хийхэд нь 180 хоног өгсөн нь хөрөнгө оруулагчдыг цочролд оруулжээ.
Мөн Моралес газар өмчлөлийн хэмжээ, департаментуудын автономит эрхийг хязгаарлав. Үүний дүнд салан тусгаарлах үзэл дэлгэрэх аюул тулгарсан юм. 2008 онд Санта-Крус, Бени, Панда, Тариха, Чукисака хотуудын оршин суугчдын ихэнх нь автономт эрхийн төлөө олон нийтийн санал асуулгад оролцжээ.
Үүний дүнд Моралес ерөнхийлөгч болон департаментуудын тэргүүнүүдэд итгэл үзүүлэх тухай үндэстний санал асуулгыг санаачлав. Ард түмэн Ерөнхийлөгчөө ч , түүний санаачилсан хязгаарлалтыг эсэргүүцэгчдийг ч дэмжжээ. Улмаар улс төрийн хямрал түр намжсан ч нэг мөр шийдэгдээгүй юм.
Өөдөө шидсэн чулуу...
Боливид шинэ үндсэн хуулийн санал асуулга явуулахыг 2009 онд Моралес өөрөө санаачилсан бөгөөд улмаар энэ өөрчлөлтөөр ерөнхийлөгч дараалан сонгогдох боломж хязгаарлагдсан юм. Гэхдээ тухайн үед анх сонгогдоод байсан Моралесд үйлчлээгүй бөгөөд харин 2016 онд тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа оролцох боломжийг хэлэлцүүлжээ.
Эрх мэдлийн шунал түүнийг тойрсонгүй. Анхандаа, 2019 онд дахин нэр дэвшихгүй гэж амлаж байсан ч Моралес энэ амлалтаа зөрчив. Улмаар Үндсэн хуулийн шүүхээсээ тусламж хүсэн, энэ шүүх нь ерөнхийлөгчөөр хоёр удаа л сонгогдох боломжтой гэсэн нь хүний эрх, ард түмний сонгох эрхийг зөрчиж байна гэж зарлачих нь тэр.
Гэвч 10 дугаар сарын 20-нд болсон сонгуулиар Моралесд ард түмнээ гайхшруулчих амжилт ололт байсангүй. Боливи улс авлигийн зэрэгцээ гадаад өр нь дэлхийд хамгийн аюултайд тооцогдох түвшинд хүрсэн байв.
Түүнчлэн сонгууль болохоос өмнөхөн тус улсын дөрвөн сая га ой шатаж, ерөнхийлөгч энэ асуудалд хэтэрхий хойрго хандсанд олон нийт шүүмжилж байсан нь Моралесын нэр хүндэд ихээр нөлөөлсөн юм.
Улмаар сонгууль болов. Хуулинд зааснаар эхний шатанд нэр дэвшигч сонгогчдын 50-иас илүү хувийн санал, эсвэл 40хувиас багагүй хэдий ч хоёрдугаарт бичигдсэн нэр дэвшигчийн авсан саналаас 10 хувиар илүү байх ёстой аж. Сонгуулийн дүнгээр Моралес 47,1 хувиар ялсан гэж зарлажээ. Харин түүний гол өрсөлдөгч Карлос Меса 36,51 хувийн санал авсан буюу Моралес өрсөлдөгчөөсөө 10,59 хувиар илүү санал авсан гэж зарласан байна.
Гэвч үнэндээ анхлан танилцуулсан сонгуулийн дүн өөр байсан ч сонгуулийн хороо ойлгомжгүй шалтгаанаар санал тоололтыг зогсоожээ. Улмаар Америкийн орнуудын байгууллага сонгуультай холбоотой шалгалт явуулахад Моралес ялсан гэдэг нь эргэлзээтэй, санал хураалтын системийг илтэд гажуудуулсан, сонгуулийн үр дүнг цуцлах шаардлагатай зөрчлүүд илэрчээ.
Энэ бүхэн нь Боливийн хүн амыг хилэгнүүлж, тэд гудамжинд гарч жагсан, эсэргүүцэж эхлэсэн бөгөөд үүнд цагдаагийнхан нэгдсэн бол цэргийнхэн цугласан олныг тараахаас татгалзсан юм.
Боливийн Ерөнхийлөгч Мексикийг зорилоо
Г.Бямбасүрэн
Уншиж байна |