Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй эсэргүүцлийн байдлын улмаас албан тушаалаасаа огцрохоор болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.
Түүнийг огцрохыг Боливийн арми болон цагдаагийн дарга уриалж байсан бөгөөд Моралес энэ үйл явдлыг "иргэний төрийн эргэлт" хэмээн нэрлэсэн ч улс орныхоо тогтвортой байдлын төлөө албан тушаалаасаа огцорно гэж мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, өнгөрсөн сарын 20-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Боливийн ард иргэд эсэргүүцэн жагсаж, эсэргүүцэл өнөө хэр нь үргэлжилж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Моралес ялалт байгуулсан гэж Боливийн Сонгуулийн дээд шүүх мэдэгдсэн ч Моралесын өрсөлдөгч Карлос Меса энэ үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар тус улсын Санта-Крус, Сукре, Кочабамба гэсэн гурван том хотод эсэргүүцлийн ажиллагаанд цагдаагийнхан нэгдсэн байна.
Хэдийгээр цагдаагийнхан эсэргүүцэлд нэгдсэн ч хууль сахиулагчид үймээн самуун дэгдээхгүй гэж цагдаагийн удирдлагууд мэдэгдсэн бол эсэргүүцэл өрнөж байгаа хотуудад цэрэг оруулахгүй гэж эрх баригчид амлажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |