Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.
Оросын “Народный артист” шоунаас хойшхи 10 гаруй жилийн хугацаанд түүнийг алдаа, оноотой нь хамтад нь хайрлаж ирсэн “фэнүүд” олон. Инээд алдсан төрхтэй гэрэл зургийг нь сэтгүүлээс хайчилж аваад ханандаа наагаад үнсчихээд унтдаг охид ч цөөнгүй байв. Тэдний нэг нь би. Тэр тийм л гялалзсан тод од явсан.
Хөрш оронд гялалзаж явахад нь ч, эх орондоо ирээд шоу нэвтрүүлэг шүүхэд нь ч түүнийг л үзэх гэж зурагтын өмнө үдшийг өнгөрүүлдэг байлаа. Үнэн зүрхнээсээ дурлан хайрлаж явсан минь зөвхөн шүтэн бишрэгчийн сэтгэл төдий. Түүнээс гэргий нь болоод гэрт нь суух хүсэл үгүй л дээ.
Тэгж хайрлаж, тэгж л хүндэтгэж явсан “алдарт од”-той өчигдөр /2019.10.29/ шүүх танхимд анх удаа хачин ойроос харц тулгарав. Өмнө нь харах бүрийд сүрдэж, гар бариад үзчихсэн, хамтдаа зургаа авхуулахсан гэхээс сандарч явсан “тод од” өнөөдөр гайхан бишрэх юу ч үгүй дэндүү сул дорой хачин "бүүдгэр".
Гялгар ботинк, үргэлж цагаан эсвэл өөр тод өнгийн костюмоор гоёдог тэр өнөөдөр зузаан ноосон цамц өмсөж, урт ургуулсан үсээ мөлчийтөл нь самнаад боочихсон нь бүр ч нүд хужирлах зүйлгүй. Дэндүү эгэл, энгийн, гунигтай, гэмшил тээсэн харцтай болохоор хайрлаж, хүндэтгэх гээд чадсангүй.
Хүүхдийнх шиг үргэлж инээмсэглэх төрх нь үгүй. Хүйтэн хөндий харцаар хий дэмий шал ширтэн сууна. Нэгэн цагт түүнийг л шүтэн биширч орос хэлэнд ч дурлаж явсан надад, үлгэр дуурайлал болж явсан хүн өмнө минь ийм хүлцэнгүй, номхон суух нь урам хугалав.
Шүүгч шүүхийн шийдвэрийг танилцуулж “Хоёр жилийн хорих ял оноосугай” хэмээн тогтоол уншихад шүүгдэгч Б.Амархүү харцаа огцом өргөж өмгөөлөгч өөдөө ширтээд “Хоёр жил гэсэн үү”, “Хоригдчихож байгаа юмуу” хэмээн гайхан асуув.
Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагын шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тус шүүх хуралдаан хаалттай явагдсан ч шүүх хуралдааны эхлэл, төгсгөлд сэтгүүлдчийг оролцуулсан юм.
Эр хүн л хойно нулимсаа барьж ядан буй нь илт. Камерын өмнө уйлахгүйг хичээж буй бололтой байн байн аньсгаа арчисхийж зогссон тэрээр шүүгч шийдвэрээ танилцуулж дуусаад хэвлэлийнхэн танхимаас гарах аясад тогтож ядсан нулимсаа сая асгах шиг...Алгаараа нүүрээ дараад хүүхэд адил хэнгэнэтэл уйлж орхив. Яг энэ цаг дор хажуугаар нь зөрж гарсан надад дотны хүнээ “аавын хаалга” татуулж буй мэт санагдаж дотор хачин болж билээ. Магадгүй ханандаа зургийг нь наагаад хайрлан, хүндэтгэж явсных биз...
Тэр өмнө нь сэтгүүлч залуутай нударга зөрүүлж шүүхийн хаалга татсан удаатай. Тухайн үед эр хүн, залуу хүн алдаа л биз хэмээн бодож, дотроо өмөөрч явав. Харин энэ удаад тэр уучлашгүй алдаа гаргасан нь үнэн. “Ухаараад ирээрэй” гээд хоёр жилийн ял оноож буй Монгол Улсын шүүхэд ч, хуульд ч баярлах хэрэгтэй байх. Өөр оронд бол өнөөдөр уйлах тэнхэл үлдээ ч үү, үгүй ч үү...
Оросын “Народный артист-3” шоунд Монгол хүн түрүүлсэн нь Борхүүгийн Амархүү байв. Цаг хугацааны хувьд одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 он. Ингэж тэр хөрш оронд “од” болон гялалзаж элэг нэгт монголчууд нь эх орондоо ирэхийг нь сэтгэл догдлон хүлээж, харь орны урлагийн ертөнцөд гялалзан буйг нь холоос харж, хайрлан биширч суулаа.
Удалгүй уртаа үстэй орос ах нарын “Премьер-министр” хамтлагт элсэж оросын телевизийн нэр алдартай шоу бүрээр өнөөх л Амархүү дуулж байв. Амархүү эх орондоо ирлээ. Ирэхдээ орос найз бүсгүйгээ дагуулж ирсэн нь олон бүсгүйн зүрхийг хөндүүрлүүлсэн ч удалгүй бүсгүйгээ нутаг буцааж даруухан монгол охинтой гэр бүл зохиож өөрийг нь өвчсөн мэт дуурайсан хүүтэй болов...
Хийсэн хэргээ хүлээх л ёстой. Харин ард үлдэж буй гэргий, гэмгүй жаалхан үр нь хөөрхий. Мисс эхнэрийг нь монголчууд “хэмлэсээр” хаа хол зугтаахад хүргэвэл яах вэ. Бяцхан үр нь аавыгаа санасаар бэтгэрчихвэл хөөрхий...Гараад ирэхэд нь бүтэн амьдрал нь л түүнийг угтаасай.
Г.Сүрэн