Өнгөрөгч зургадугаар сарын усан бороотой өдрүүдийн нэг үдэш зам тээврийн ослоор 70 настай ахмад хорвоог орхижээ. Харин өнөөдөр амь хохирогчийг мөргөж хүнд гэмтээсэн 60 настан, хүнд гэмтэлтэй түүнийг дайрч амь насыг нь хохироосон 20 настан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өмнө гэм буруугаа хүлээн гэрийнхнээс нь хулгаж зогсоно.
Амьдрал сонин шүү. Даргын жолоочоос тролейбусны жолооч хүртэл 38 жилийн турш жолоо мушгиж, мэргэшсэн жолооны үнэмлэх өвөртөлсөн “өвгөн” жолооч туршлага гэж сүрхий л баймаар. Тэгтэл бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож яваад явган зорчигчийг мөргөж хүнд гэмтээжээ.
Тэрээр 23.00 цагийн орчимд эхнэрийнхээ хамт гэртээ харихаар явж байж. Тэгтэл өмнүүр нь гэнэт хүн гараад ирэхэд тоормос гишгэсэн ч ажиллаагүйгээс түүнийг мөргөжээ.
Шүүгч “Та тоормосгүй машин барьж яваад хүн мөргөж гэмтээсэн. Үүнд ямар дүгнэлт хийж байна вэ. Та олон жилийн өмнө жолооч болсон туршлагатай хүн байна. Гэтэл яагаад болохгүйг нь мэдсээр байж тоормосгүй машинтай хөдөлгөөнд оролцсон юм бэ” хэмээн асуухад нар салхинд борлож гандсан ядрангуй царайтай эр дэмий л шилээ маажин “Накладаа уг нь солиулсан юм. Хийг нь авахаа мартаад...” гэх тайлбарыг хэлж зогсов.
Түүнд Эрүүгийн хуулийн 27.10.2.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
27.10 дугаар зүйл.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
2.Энэ гэмт хэргийг:
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүгдэгч хуулийн дагуу 5 хоногийн хугацаанд хохирогч талын нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг барагдуулах боломжтой гэсэн тул шүүх хуралдаан аравдугаар сарын 7-ны өдрийн 15.00 цаг хүртэл завсарлалаа.
“Таван хоногийн хугацаанд төлж амжих уу” гэсэн шүүгчийн асуултад “Төлнө” гэж тод хариулсан өнөөх эр шүүх хуралдааны танхимаас гараад хөгшиндөө хандан “Яаж олох вэ” хэмээн базайхгүй царайлсаар гарч одсон юм.
Түүний мөргөж гэмтээсэн хүний дээгүүр өөр нэгэн автомашины жолооч харалгүй дайрч гарснаар амьсгал хураахад хүргэжээ. “Өвгөн” жолоочийг мөргөх үед хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан. Гэтэл босч чадахгүй зам дээр хэвтэж байсан түүний дээгүүр 20 гаруй насны залуу жолооч харалгүй дайран гарсан нь өнөөдөр амьд сэрүүн байсан бол 71 насны сүүдэр зооглох буурайг бүр мөсөн хорвоогоос буцаажээ.
ҮРГЭЖЛЭЛ БИЙ...
Г.СҮРЭН
Уншиж байна |