Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2020 оны 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд "хутгалдахгүй" хэмээн мэдэгдлээ.
"Та бүхэн текстийг /АНУ болон Украины Ерөнхийлөгчдийн харилцан ярианы текстэн хувилбарыг хэлж байна/ уншсан байх гэж бодож байна. Уучлаарай, гэхдээ би АНУ-ын нээлттэй, ардчилсан сонгуульд татагдан оролцохыг хүсэхгүй байна" хэмээн Зеленский Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ мэдэгдлээ.
Эргэн сануулахад,Трамп долоодугаар сард Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ 2020 оны сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгч болох Жо Байден болон түүний хүү Хантер нарын эсрэг мөрдөн шалгалт явуулахад нь өмгөөлөгч Рудольф Жулианид туслахыг Зеленскийгээс хүссэн талаар есдүгээр сарын 21-ний өдөр The Wall Street Journal мэдээлсэн. Утсаар ярих үедээ Трамп авлигын эсрэг хоёр мөрдөн шалгалтыг сэргээх шаардлагатай гээд үүний хариуд АНУ Украинд тусламж үзүүлнэ гэж амласан талаар эх сурвалж мэдээлж байв.
Трамп, Зеленскийн “нууц яриа”-ны улмаас ТТГ санхүүжилтээ хасуулж болзошгүй
Энэ утасны ярианы текстийг лхагва гаригт Цагаан ордны цахим хуудсанд нийтлэсэн юм. Трамп утсаар ярих үедээ АНУ Украинд зориулж олон зүйлийг хийнэ хэмээн мэдэгдсний дээр Украины тэргүүн "Байдены хэргийг" судлавал "гайхалтай сайхан хэрэг байхсан" хэмээн Трамп онцолсон байна. Үүний хариуд Зеленксий Украинд энэ хэргийг шалгахын тулд хэрэгтэй холбоотой нэмэлт мэдээлэл өгөхийг хүсчээ.
Утсаар ийнхүү ярилцсан нь Трампын нэр хүндийг ганхуулж эхлэсэн. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампыг огцруулах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тэд улс төрийн өрсөлдөгч Байденийг "зайлуулахын тулд" Украинд дарамт үзүүлсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Харин Трамп энэ бүгдийг няцааж байна.
Зеленский: "Намайг зөвхөн миний хүү л "дарамталж" чадна"
Г.Бямбасүрэн
Уншиж байна |