Трамп огцрох уу?
2019-09-25


Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх оны сонгуульд өөрийнх нь хүчтэй өрсөлдөгч байж мэдэх Жо Байденыг "дарж авах"-ын тулд түүний хүүтэй холбоотой хэргийг Украинд мөрдөхөд өмгөөлөгчид туслахыг Украины Ерөнхийлөгч Зеленскийд "даалгасан" тухай шуугиан гарч, үүнээс үүдэн АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах яриа гарч эхлэсэн юм.

 

Үүнтэй холбоотойгоор, мягмар гаригт АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах /импичмент/ ажиллагааг эхлүүлсэн талаар танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдлээ.

 

"Төлөөлөгчдийн танхим импичментийн ажиллагааны хүрээнд албан ёсны шалгалт эхлүүлж байгааг мэдэгдэе. Танхимын зургаан хороонд өөр өөрсдийн шугмаар мөрдлөг шалгалт хийх үүрэг өгч байна" хэмээн Пелоси мэдэгджээ. 

 

Ийнхүү тэрбээр тагнуулын тусгай хороо, гадаад харилцаа, хяналт, засгийн газрын шинэчлэлт, орлого, зарлагын асуудал эрхэлсэн, санхүүгийн асуудал хариуцсан хороод болон хууль зүйн хороонд Трампыг огцруулах асуудалтай холбоотойгоор тус тусын чиглэлээр шалгалт явуулахыг үүрэгджээ.

 

"Ерөнхийлөгч хариуцлагад татагдах ёстой, хуулиас дээгүүр хүн гэж үгүй. Ерөнхийлөгчийн хийсэн үйлдэл нь үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

"Сүүлийн саруудад бид хороодоор дамжуулан мөрдөн шалгалт явуулж, цуглуулсан баримтуудаа шүүхэд өгсөн. Мөн энэ долоо хоногт Ерөнхийлөгч Трамп Украины Ерөнхийлөгчөөр өөрт нь улс төрийн ашиг тус авчрах үйлдэл хийлгэхээр түүнд хандсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн" хэмээн Пелоси онцолсон байна. 

 

Пелоси бол Төлөөлөгчдийн танхимд олонхыг бүрдүүлдэг Ардчилсан намын төлөөлөл юм. Импичментийн ажиллагааг эхлүүлэх тухай шийдвэрийг Конгрессын доод танхимын ардчилсан намын фракцын хаалттай хуралдааны дараа зарласан. Энэ хурал дээр Трамп 2020 онд дахин сонгогдохын тулд Украинаас тусламж авах гэж Зеленскийд дарамт үзүүлсэн байж болзошгүй талаарх мэдээлэл нийтэд ил болсны дараа Трампыг огцруулах ажиллагааны хүрээнд мөрдөн шалгалт хийх үндэслэл байгаа эсэх асуудлыг хэлэлцсэн байна. 

 

Трампыг огцруулж дөнгөх үү? 

 

Импичмент гэдэг нь АНУ-ын Үндсэн хуульд зааснаар холбооны төрийн албан хаагчид, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч "улсаас урвасан, авлига авсан болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэнд буруутай гэдэг нь тогтоогдсон " бол тэднийг албан тушаалаас нь огцруулах замаар хариуцлагад татах үйл ажиллагаа юм.

 

АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах энэ төрлийн ажиллагааг ердөө гуравхан удаа санаачилж байсан бөгөөд импичментийг эхлүүлснээр Трамп албан тушаалаасаа огцорчихно гэсэн үг биш. 

 

Төлөөлөгчдийн танхим Трампын эсрэг буруутай үйлдлүүдийг нь тогтоох бол конгрессын гишүүд хуульзүйн холроонд асуудлыг шийдүүлэхээр шилжүүлэхийн төлөө санал өгнө. Буруутай гэж үзэх үндэслэл байгаа бол буруутгах дүгнэлт бэлтгэх юм байна.

 

Хуульзүйн хороо батласны дараа баримт бичгийг Төлөөлөгчдийн танхимын бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэхээр илгээх аж. Баримт бичгийг батлахад танхимын энгийн олонхын санал хэрэгтэй бөгөөд өнөөгийн байдлаар сөрөг хүчний Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх тул Трампыг буруутгах баримт бичгийг батлах бүрэн бололцоотой юм.

 

Ийнхүү баримт бичгийг батлавал Конгрессын Сенат руу шилжүүлэх бөгөөд энд шүүх ажиллагаа болох юм. Төлөөлөгчдийн танхим буруутгах тал болох бол сенатчид тангарагтны шүүхийн гишүүдийн үүрэг гүйцэтгэнэ. 

Ерөнхийлөгчийг огцруулахын тулд сенатчдын гуравны хоёроос багагүй буюу 67 санал шаардлагатай юм. 

Яг энэ шалтгааны үүдний авч үзвэл Трамипыг огцруулах санал Сенат дээр батлагдана гэдэг бараг боломжгүй. Учир нь Конгрессын дээд танхимд Трампын сонгогдсон нам болох Бүгд Найрамдах намын гишүүд 100 суудлын 53-ыг эзлэж байгаа юм. 

 

Трамп, Зеленскийн “нууц яриа”-ны улмаас ТТГ санхүүжилтээ хасуулж болзошгүй 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Түүнийг ялах хүчтэй өрсөлдөгч хаана ч байхгүй.
2019-09-25