Буриадын эсэргүүцлийн арга хэмжээг санаачлагч, Улаан-Үдэд “ардын баатар” нэртэй болсон таксины жолооч Дмитрий Баиров долоо хоног баривчлагдсаны дараа есдүгээр сарын 17-ны өдөр суллагдсан талаар бид өчигдөр мэдээлсэн.
Гэвч тэрбээр суллагдсан даруйдаа дахин баривчлагдсан талаар Байкал дейли сонин мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг шүүхийн шийдвэрээр баривчилсан бөгөөд насанд хүрээгүй охиныхоо тэтгэмжийг төлөөгүй, 1,1 сая рублийн өр хуримтлагдсаны улмаас ийнхүү дахин баривчлагдсан гэнэ.
“Насанд хүрээгүй охиныхоо тэтгэмжийн мөнгийг төлөөгүйн төлөө хариуцлага хүлээх тухай сануулгыг түүнд удаа дараа өгсөн ч үүргээ биелүүлж тэтгэмжийн мөнгийг төлөөгүй. Улмаар урт хугацаанд тэтгэмж төлөгдөөгүй тул 1,1 сая рублийн өр хуримтлагдсан. Оршин суугаа хаяг нь тодорхойгүй учраас өртэй этгээдийг эрэн сурвалжилж байсан” хэмээн Буриадын Шүүхийн шйидвэр биелүүлэх газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Ийнхүү улаан-үдийнхний “баатар” болсон идэвхитэн өөр үндэслэлээр баривчлагдсан бол өчигдөр сөрөг хүчний төлөөлөл баривчлагдсан талаар бид мэдээлсэн. Баривчилгаа үүгээр дууссангүй, өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр дахин нэг идэвхитэн баривчлагдсан байна.
Информ полис сонины мэдээлснээр, “Эрүүл Буриад” хөдөлгөөний тэргүүн, нийгмийн зүтгэлтэн Алексей Карнаухов Улаан-Үд хотын төв талбай дээр зөвшөөрөлгүй эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсоныхоо төлөө баривчлагджээ.
Одоогоор энэ талаар албаныхан ямар нэг тайлбар хийгээгүй байгаа бол өөрийг нь гагцхүү жагсаалд оролцсоны төлөө баривчилсан гэж Карнаухов сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнийг өнөөдөр шүүх хурлаар оруулах гэнэ.
Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна
Г.Бямбасүрэн